Цаг үеийн мэдээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл Мэндийн Сайдын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зорилтот үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ удаа тус эмнэлгийн Нүдний мэс заслын эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй төрөлжсөн мэргэшлийн баг 9 дүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан аппарат хэрэгслийн тогтвортой үйл ажиллагааг хангах, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж дадлагажуулах, газар дээр нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг дэмжлэгт удирдлагаар хангах, төрөл хүртээмжийг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд нүдний мэс заслын төрөлжсөн мэргэшлийн хамтарсан үзлэг оношилгоо хийх зорилгоор богино хугацааны томилолтоор ажиллаад ирлээ.  

Баг бүрэлдэхүүн долоо хоногийн томилолтын хугацаанд нийт 300 орчим иргэнд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсний дээр зайлшгүй лавлагаа тусламж үйлчилгээ авах шаардлагатай байсан ч тодорхой шалтгааны улмаас төв эмнэлэг рүү эмчилгээнд явах боломжгүй 10 гаруй үйлчлүүлэгчид (болор цайх, глауком, зовхины хүнд хэлбэрийн эмгэг болон нүдний мах авах гэх мэт) мэс заслын тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж шийдвэрлэлээ.