Цаг үеийн мэдээ

Филиппин улсын 110 сая хүн амын тэн хагасаас илүү нь оршин суудаг Лузон арлыг супер хүчтэй Нору хар салхи чиглэн ирж байгааг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна. Тиймээс эрсдэлтэй бүс нутагт оршин сууж буй олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Нору хар салхи нь цагт 240 км хүртэл хурдлах хүчин чадалтай байна. Цаг уур судлаачид уг хар салхийг тэсрэх бөмбөг мэт хүчтэй нөлөө үзүүлэх ба Лузон арлын баруун хэсэгт хөрсний гулсалт асар ихээр үүснэ гэдгийг сэрэмжлүүлжээ. 

Нийслэл Манила хотын үерт автах эрсдэлтэй дүүрэгт оршин суудаг 8,400 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажил хэдийн эхэлсэн байна. Нору хар салхины хурд өнгөрсөн 24 цагт 90 км/цагаар нэмэгджээ. Филиппин улсын цаг уурын газраас Лузоныг хамгийн хүчтэй буюу супер хүчтэй хар салхи гэж үзэн тавдугаар түвшний  аюулын дохио зарласан байна. 

Манилагийн зүүн хэсэгт загасчдыг далай тэнгист гарахыг хориглоод байна. Мөн зарим нислэг, усан онгоцны аяллыг цуцалжээ. Хүн ам шигүү оршин суудаг Лузон арал дээр Ерөнхийлөгч Фердинанд Маркосын зарлигаар төрийн бүх байгууллага, сургуулиудын үйл ажиллагааг хаасан байна. Супер хүчтэй хар салхи газар тариалангийн салбарт хүнд гарз учруулж, ургац алдаж болзошгүй гэдгийг эрх баригчид нэмж анхааруулжээ. 

Филиппин улс нь 7,000 гаруй арлаас бүрдэж Номхон далайд оршдог тул жилд дунджаар 20 орчим хар салхинд өртдөг байна. 2021 оны 12 дугаар сард Рэй хар салхины улмаас 400 хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа