Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн төрийн оршуулгыг маргааш буюу есдүгээр сарын 27-ны өдөр товлосон билээ. Гэвч түүний оршуулгыг эсэргүүцсэн жагсаал цуглаан, уриалга, кампанит ажлууд эрчээ авсаар байна.
Дэлхийн удирдагчид долоо хоногийн өмнө Их Британийн нийслэл Лондон хотод цугларч хатан хаан хоёрдугаар Элизабетийн оршуулгад оролцсон бол тэдний дийлэнх нь энэ долоо хоногт Японы нийслэл Токиод дахин цуглана. Бусдын гарт амиа алдсан Ерөнхий сайд агсны төрийн оршуулгын зардалд Японы Засгийн газар 11,4 сая ам.доллар буюу 1,65 тэрбум иен зарцуулахаар төсөвлөжээ.
Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зарлагадахыг эсэргүүцэж ойрын өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал цуглаан өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа. Зарим санал асуулгаар иргэдийн талаас илүү нь Абэг төрийн хэмжээнд оршуулахыг эсэргүүцэж байна гэжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Токио дахь Ерөнхий сайдын ажлын албаны гадаа иргэн зулын гол болж өөрийгөө шатаав. Даваа гарагт оршуулгыг цуцлахыг шаардаж 10,000 орчим иргэн гудамжинд жагсжээ.
Гэсэн хэдий ч уг оршуулга Япон улсад холбоотнуудаа татаж, харилцаа холбоогоо сэргээх чухал алхам гэж ажиглагчид харж байна. Эдийн засаг, улс төрийн салбарын хамгийн том түнш АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн биеэр ирж оролцохгүй ч дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг улс орноо төлөөлүүлэн илгээжээ. Мөн Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанис нар ирэхээ мэдэгджээ. Түүнчлэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хатан хаан Элизабетийн оршуулгад оролцоогүй ч Абэгийн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр Токиод ирнэ.
Ийнхүү дэлхийн удирдагчид ач холбогдол өгч байгаа ч Японы иргэд уг оршуулгыг эсэргүүцсээр байгаа нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй ажээ. Юун түрүүнд Японы эзэн хааны гэр бүлийн гишүүдийг л төрийн хэмжээнд оршуулдаг байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа улс төрийн зүтгэлтэнд төрийн хэмжээнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Абэ Шинзо бусдын гарт амиа алдсан шалтгаанаас үүдэлтэйгээр төрийн хэмжээний оршуулгыг төлөвлөсөн байна. Нөгөөтээгүүр Абэ Японыг АНУ-ын цэрэг армитай нэгдэх боломжийг бий болгосон нь иргэдийн дэмжлэгийг аваагүй юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн гарз хохирол, гамшиг сүйрлийг мартаж амжаагүй байхад улс орноо дайнд орох эрсдэлд унагасан гэж иргэд эсэргүүцжээ.
Хэдий эсэргүүцэлтэй тулгарсан ч Абэ Шинзогийн төрийн оршуулга маргааш болно. Дэлхийн улс орнуудын 190 гаруй төлөөлөгч түүнд хүндэтгэл үзүүлэхээр ирнэ.
Эх сурвалж: ВВС