Бөөр шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн. Ийм учир эмнэлэгт үзүүлэгчдийн тоо өсөж уг ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс зөвхөн УНТЭ-т үзүүлдэг байсныг УХТЭ, УГТЭ-т үзүүлдэг болгож арга хэмжээг авсан хэдий ч хөдөө орон нутгийн иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг заавал нийслэлд ирж авдаг байв.
Тиймээс ЭМЯ-наас бөөр шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин бодлогын чанартай цогц арга хэмжээ авч хөрөнгө оруулалтуудыг хийсэн билээ. Тухайлбал, 15 аймгийн (Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Төв аймаг, Дархан-Уул) эмнэлэгт БӨӨР ШЭЭСНИЙ ЗАМЫН ДУРАНГИЙН иж бүрэн цамхаг болон бөөр шээсний доод замын мэс заслын багажаар бүрэн хангалаа. Мөн орон нутагт ажиллах эмч, сувилагч нарыг хотод сургахаас гадна тухайн орон нутагт нь мэргэжлийн баг очиж ажлын байран дээр нь сургаж дадлагажууллаа. Ингэснээр өвчнийг эрт илрүүлж, хүндрэхээс урьдчилан сэргийлж, цаг алдахгүй эмчилгээ үйлчилгээг орон нутагт нь үзүүлэх боломж бүрдэхээс гадна БӨӨР ШЭЭСНИЙ ЗАМЫН МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙГ бууруулж чадлаа.
2022 оны 4-р сараас 9-р сарын хооронд түрүү булчирхайг дурангаар авах мэс засал 156, шээлгүүрт стент тавих ажилбар 47, түрүү булчирхай давсаг дурандах 61, давсагны чулууг дурангаар авах мэс засал 19 гэх зэрэг нийт 389 мэс заслыг орон нутагт амжилттай хийсэн байна.