ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд Оросын иргэншил олгожээ. Хууль зүйн норматив актуудын портал дээр тус улсад иргэншил олгож буй иргэдийн нэрсийн жагсаалтыг агуулсан тогтоолыг нийтэлсэн байна.
2020 оны арваннэгдүгээр сард Сноуден твиттер хуудсаараа дамжуулан ОХУ-ын иргэншил авах хүсэлтээ өгсөн тухай зарласан. "Олон жил аав, ээжээсээ хол байсан эхнэр бид хоёр хүүгээсээ салмааргүй байна. Тийм ч учраас цар тахал өвчний эрин үед, хил хаалттай байгаа энэ үед бид Орос-Америкийн давхар иргэншил авах хүсэлт гаргаж байна" гэж тэрээр бичиж байжээ. Үүний зэрэгцээ түүний эхнэр Линдси Миллсийн нэр жагсаалтад ороогүй байна.
АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (ҮАБА) хуучин ажилтан 2013 оны зургаадугаар сарын эхээр The Guardian болон The Washington Post сонинд ҮАБА-ын нууц мэдээллийг дамжуулж байсан гэдгээрээ алдартай. Энэ нь мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг ашиглан дэлхийн олон улсын иргэдийн хоорондын яриа болон харилцааг Америкийн тагнуулын албадууд тандсантай холбоотой юм.
Тодруулбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Германы канцлер Ангела Меркель тэргүүтэй олон улсын 35 өндөр албан тушаалтны утасны яриаг чагнасан нь тогтоогджээ. Пентагоны нууц тайланд дурдсанаар Сноуден 1.7 сая нууц файл хулгайлсан байна.
2013 онд Сноуденийг тагнуул хийсэн, төрийн өмчийг хулгайлсан хэргээр буруутгаж байсан юм. Удалгүй тэрээр АНУ-аас дүрвэж эхлээд Хонг Конг руу, дараа нь Орост очиж, Шереметьево нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд сар гаруйн хугацааг өнгөрүүлсэн. 2013 оны наймдугаар сарын 1-нд Сноуден ОХУ-д түр орогнол, жилийн дараа түр оршин суух зөвшөөрөл авчээ. Аравдугаар сарын сүүлчээр Сноуден ОХУ-д хугацаагүй оршин суух зөвшөөрөл авсан нь тодорхой болсон байна.
Эх сурвалж: Настоящее время