Цаг үеийн мэдээ

Америкийн сансар судлалын NASA агентлагийн тандалт судлалын төхөөрөмжөөр Диморф бага гарагийг мөргүүлсэн байна. Энэ бол сансрын биетийн замыг өөрчлөх, гарагийг хамгаалах механизмыг боловсруулах гэсэн хүн төрөлхтний анхны оролдлого юм.

Мөргөлдөөн Гринвичийн цагаар даваа гарагт 23:14 цагт (Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 07:14) болсон байна. Уг үйл явцыг Youtube сувгаар шууд дамжуулсан байна.

Шинжлэх ухааны туршилт нь огторгуйн биетийг сансрын тандалтын төхөөрөмжөөр мөргөснөөр түүний замыг өөрчлөх боломжтой эсэхийг олж тогтоох зорилготой юм. Бага гарагийг бага зэрэг түлхэж, ирээдүйд дэлхийтэй мөргөлдөхөөс зайлсхийлгэхийн тулд сансар дахь байрлалыг өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд энэ нь олон жилийн өмнөөс урьдчилан хийгдэх ёстой зүйл юм. 

NASA-гийн төлөөлөгчдийг удирдаж буй Жонс Хопкинсийн их сургуулийн Хэрэглээний физикийн лабораторийн доктор Нэнси Чабот "DART бол бага гарагийн орон зайн байрлалыг бага зэрэг өөрчлөхийн тулд түүнтэй мөргөлдөж буй сансрын төхөөрөмжийг харуулах анхны гараг хамгаалах туршилтын даалгавар юм" гэж тайлбарлажээ.

Судалгааны зорилгоор 780 орчим метр диаметртэй дэлхийд ойр орших Дидим бага гараг болон түүний дагуул болох 163 метрийн диаметртэй Диморф бага гарагийг сонгосон байна. Уг бага гарагууд нь манай гарагт ямар ч аюул учруулахааргүй байгаа юм.

Double Asteroid Redirection Test (DART) даалгавар нь 570 кг жинтэй хөлөг онгоцыг 163 метр диаметртэй Диморф руу 20,000 км/цагаас дээш хурдтайгаар илгээсэн. Уг тандалтын төхөөрөмж нь 2021 оны арваннэгдүгээр сард дэлхийгээс хөөрсөн юм. Туршилт амжилттай болсон эсэхийг ирэх долоо хоног, саруудад эрдэмтэд ажиглалтын явцад тогтоох болно.

Харин мөргөлдөөний нөлөөг үнэлж, бага гарагийн шинэ тойрог замыг тодруулах ажил нь 2026 онд Дидим болон Диморфыг дахин дэлхийд ойртох үед Европын сансрын агентлагийн "Хера" хэмээх өөр нэг сансрын даалгавар хийж гүйцэтгэхээр төлөвлөгдөөд байгаа юм. 

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа