Казакстаны Астана хотод явагдаж байгаа олон улсын эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээний ес дэх тойргийн тоглолтын шууд дамжуулалтын үеэр хүйсээр ялгаварлан гадуурхсан өнгө аястай үг хэлсэн тайлбарлагчийг ажлаас нь чөлөөлсөн тухай Олон улсын шатрын холбооноос мэдэгджээ.
Израйлын их мастер тайлбарлагч Иля Смирин мягмар гарагийн шууд дамжуулалтын үеэр “шатрыг эмэгтэйчүүдэд зориулаагүй байж магадгүй, уг эмэгтэй эрэгтэй хүн шиг л тоглож байна” хэмээн сайшаасан нь түүний ажлаасаа халагдах шалтгаан болсон байна.
Иля Смирин Олон улсын шатрын холбооны шийдвэр гарсны дараа хэн нэгнийг гомдоож шархлуулах гээгүй, шатар болоод эмэгтэйчүүдийг аль алиныг нь хүндэтгэж хайрладаг хэмээн тайлбар хэлжээ.
Смирин Беларусь улсад төрсөн бөгөөд дэлхийн шилдэг 20 шатарчны нэгт багтаж байсан удаатай. Тэрээр эмэгтэйчүүдийн Гран-При тэмцээний англи хэл дээрх тайлбарыг хариуцан ажиллаж байсан байна.
Эх сурвалж: ВВС