Дайны ажиллагааны үеэр Оросын цэргүүд эзлэн авсан Украины нутаг дэвсгэрийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэн оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол Кремльд боллоо. Үүний зэрэгцээ ОХУ-ын өөртөө нэгтгэх гэж буй дөрвөн бүс нутгийн аль нь ч түүний бүрэн хяналтад орохгүй байна.
Гэрээнд гарын үсэг зурахын өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ Украины эрх баригчдад хандан галаа зогсоож, нэгтгэн авсан нутаг дэвсгэрийн статусыг хэлэлцэхгүйгээр хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан байна.
"Бид Киевийн дэглэмийг 2014 онд эхлүүлсэн бүх дайсагнал, дайнаа нэн даруй зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж байна. Бид үүнд бэлэн байна" гэж Путин ёслолын үеэр хэлжээ.
Өөрийгөө тунхагласан Донецк болон Луганскийн бүгд найрамдах ард улсууд, мөн хэсэгчлэн эзлэгдсэн Херсон, Запорожье мужуудыг нэгтгэх тухай "бүх нийтийн санал асуулга"-н үр дүн дээр суурилсан "ард түмний сонголтыг" бид хэлэлцэхгүй" гэж Путин нэмж хэлжээ. "Тэд сонголтоо хийсэн" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч "Орос улс түүнээс урвахгүй" гэж мэдэгджээ. "Энэ бол энх тайванд хүрэх цорын ганц арга зам" гэж тэрээр нэмж, нэгтгэсэн газар нутгаа "бидний мэдэлд байгаа бүх хэрэгслээр хамгаална" гэж амлажээ.
Украин болон барууны орнууд "санал асуулга"-ыг зохиомол гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Украин Оростой яриа хэлэлцээ хийхэд бэлэн, гэхдээ Путинтэй биш Оросын өөр ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Украин улс НАТО-д түргэвчилсэн байдлаар элсэх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдсэн.
Путин 36 минут үргэлжилсэн илтгэлдээ "бүх нийтийн санал асуулга" явуулах нь олон сая хүний "салшгүй эрх" гэж нэрлэжээ. Оросын ард түмний "түүхэн нэгдмэл байдлын" тухай ярихдаа тэрээр гүн ухаантан Иван Ильиний бүтээлүүдээс иш татсан бөгөөд генерал Суворов, Ушаков, түүнчлэн Арсен Павлов (Моторол), Александр Захарченко нарыг дурджээ. Тэрээр барууны орнууд, ЗХУ задран унасан, 2014 онд Украинд болсон үйл явдлын талаар дахин ярьж, Украины эзлэгдсэн бүс нутгийн оршин суугчид "мөнхөд бидний иргэн болно" гэж мэдэгджээ.
“Үнэн бидний ард байна, Орос бидний ард байна” гэсэн үгийн дараа Путин болон эзлэгдсэн дөрвөн бүс нутгийн төлөөлөгчид нэгдэн орох гэрээнд гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: BBC