Цаг үеийн мэдээ

Их Британийн хаанаар өргөмжлөгдөөд удаагүй байгаа Чарльз ирэх сард Египет улсад болох COP27 НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг 27 дахь чуулга уулзалтад оролцохгүй гэдгийг Букингэмийн ордноос мэдээлжээ. Sunday Times сонинд ням гарагт мэдээлснээр Ерөнхий сайд Лиз Трасс хааныг цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтад оролцохгүй байхыг зөвлөсөн байна. 

Тиймээс олон талын нөхөрсөг харилцаа, харилцан хүндлэлийн үүднээс хаан НҮБ-ын чуулга уулзалтад оролцохгүй байхыг зөвшөөрсөн гэж албан ёсны мэдээлэлд дурджээ. Хатан хаан хоёрдугаар Элизабетийг таалал төгсөхөөс өмнө буюу өнгөрсөн сард Уэльсийн ханхүү цолтой байсан Чарльз жил тутам болдог COP27 уулзалтад оролцоно гэж мэдэгдэж байжээ. 

Өнгөрсөн жил Глазгөүд болсон COP26 уулзалтыг Их Британи улс даргалж байсан тул Чарльз хатан хааны хамт оролцож үг хэлсэн юм. Энэ жил COP27 хурлыг даргалж байгаа Египетийн Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт хандан хөгжиж буй орнуудад цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд тусламж үзүүлэхийг уриалахаар зэхэж байгаа ажээ. Гэвч Human Rights Watch хүний эрхийн байгууллага Египетийн Засгийн газрыг хүрээлэн буй орчныг хамгаалах бүлгүүдийн үйл ажиллагааг хангалттай дэмждэггүй хэмээн шүүмжилсээр байна.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа