Цаг үеийн мэдээ

Бразил улсад өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт улс орон даяар болж өнгөрлөө. Сонгуулийн хуудасны 97 хувийг ням гарагийн орой тоолж дууссан байна. Урьдчилсан дүнгээр нэр дэвшигчдийн аль нь ч иргэдийн 50-аас илүү хувийн дэмжлэгийг авч чадаагүй учир хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч энэ сарын 30-ны өдөр хоёрдугаар шатны санал хураалтад өрсөлдөхөөр болжээ.

Тус улсын 35 дахь Ерөнхийлөгчөөр 2003-2010 оны хооронд ажиллаж байсан Луис Инасио Лула да Силва хамгийн өндөр буюу 48,2 хувийн санал авсан байна. Харин өнөөгийн төрийн тэргүүн Жайр Болзонаро 43,4 хувийн санал авч хоёрдугаарт оржээ.  

Бразил улсын 156 сая гаруй иргэн санал өгөх эрхтэй байсан бөгөөд иргэд санал хураах байрны гадаа олон цагаар урт дараалалд хүлээсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Зарим санал авах байрууд хаах ёстой цагаасаа хэтэрч ажиллажээ.

Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш нэр дэвшигчдийн дундаас Лула болон Болзонаро нар хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэдэг нь харагдаж байсан. Гэвч тэд улс төрийн бодлогоо танилцуулахаас илүүтэй харилцан нэгнээ гутаан доромжилж байсан нь улс төр шинжээчдийн шүүмжлэлд өртжээ. Нэр дэвшигчдийн дунд сонгуулийн өмнөхөн болсон хэлэлцүүлгийн үеэр Болзонаро Лулаг шоронгийн хоригдол, урвагч хэмээн дуудсан бол Лула хариуд нь түүнийг худалч эр хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа