Цаг үеийн мэдээ

Умард Солонгос улс Японы умард нутгийн агаарын хилийг дайруулан дундын зайн баллистик пуужин харвасан байна. Японы Засгийн газар Хоккайдо арлын оршин суугчдыг аюулгүй байдлаа хангаж түр хоргодох байранд орохыг анхааруулж, зарим галт тэрэгний үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.

Өмнөд Солонгос улс пуужин харвасан цагийг 07:23 гэж тогтоосон байна. Пуужин Японы агаарын хилээр дамжин өнгөрч 07:46 цагт Японы газар нутгаас 3,000 км зайд Номхон далайн усанд унасан гэж мэдээлжээ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд Пхеньян тав дахь удаагаа пуужин харвасан тохиолдол болсон байна. 

Умард Солонгос улс пуужин харвасан тул иргэдийг аюулгүй байдлаа хангах сэрэмжлүүлгийг Японы Засгийн газар өнөөдөр өглөө 07:29 цагт өгчээ. Умард Солонгос улс 2017 оноос хойш анх удаа Японы нутаг дэвсгэр дээгүүр пуужин харвасан байна. 2017 оны есдүгээр сарын 15-ны өдөр Умард Солонгосын харвасан пуужин Японы нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрснөөс болж Хоккайдо арал даяар сэрэмжлүүлэх дохио дуугарчээ.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Пхеньяныг  хүч хэрэглэсэн, хууль тогтоомж зөрчсөн балмад үйлдэл гаргалаа хэмээн хурцаар шүүмжлэн буруутгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болжээ. Японы ард түмэнд аюул заналхийлсэн үйлдэл гаргасан бөгөөд Засгийн газар нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллана гэжээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Таны сурталчилгаа