АНУ-ын сансрын нисгэгч тэнгисийн цэргийн хурандаа 45 настай Николь Мэнн олон улсын сансар судлалын станц руу Флоридагаас ниссэн тавдугаар багт багтжээ. Тэрээр сансарт ниссэн анхны уугуул америк эмэгтэй болж түүхэнд бичигдсэн байна.
SpaceX Falcon пуужин сансрын дөрвөн нисгэгчээс бүрдсэн багийг олон улсын сансар судлалын станцад хүргэх ажээ. Николь Мэнн энэ удаагийн сансрын аялал уугуул америкчуудын ирээдүй хойч үед итгэл найдвар төрүүлэх урам зориг болно хэмээн итгэж байна гэжээ.
Тэрээр Ирак, Афганистаны дайнд оролцож байсан бөгөөд зургаан удаа хүндэт медалиар шагнагдсан байна. АНУ-ын тэнгисийн цэргийн албанд олон төрлийн онгоц нисгэж байсан туршлагатай.
Америкийн сансрын нисгэгч Жон Кассада, Японы сансрын нисгэгч Койчи Вакта, Оросын сансар судлаач Анна Кикина болон Николь Мэнн нараас бүрдсэн тавдугаар баг очсоноор олон улсын сансар судлалын станцад ажиллаж буй бие бүрэлдэхүүн 14 болж нэмэгдэнэ. Тэд урьдчилсан төлөвлөсөн шинжлэх ухааны 250 орчим ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд задгай сансарт алхах, улаан лооль ургуулах зэрэг үүрэг даалгаврууд багтжээ.
Уугуул америкчуудын хувьд эдийн засгийн хүнд байдалтай, нийгмийн ялгаварлан гадуурхалтад өртдөг, боловсролын салбарт тусламж дэмжлэг дутмаг байдаг. 2017 оны судалгаагаар уугуул америкчуудын 27 хувь нь тусгай дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн гэж тогтоогджээ. Харин цагаан арьст оюутнуудын 54 хувь нь тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой байдаг байна.
Эх сурвалж: ВВС