Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бэлтгэл ажлыг хийж, тавдугаар сарын 1-ний өдрөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн гадрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нар энэ оны есдүгээр сарын 29-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэгт хичнээн иргэд хамрагдсан болон бусад тоон статистик мэдээллийг танилцууллаа.
2022.09.29-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 356,141 хүн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсанаас 157,958 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 198,183 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр иргэдийн 50.1 хувь нь Улаанбаатар хотоос, 49.9 хувь нь орон нутагт хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.7 хувь нь 0-17 насны хүүхэд бол 35.3 хувь нь 18-аас дээш насныхан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Завхан аймгийн иргэд идэвхтэй хамрагдаж байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Үзлэгээр хүн амаас өвчлөлийн 190 орчим мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэй, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.
Эрт илрүүлгийн үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амаас өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 109,526 (57.9%) эмэгтэй, 79,580 (42.1%) эрэгтэйчүүд байна. Өвчлөлийн 64.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.9 хувийг эзэлж байна.
0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Дээрх тохиолдлоос шүд цоорох өвчлөл хамгийн их буюу нийт өвчлөлийн 65,940 буюу 73.0 хувь, шүдний гажиг 2,625 буюу 2.9 хувь, хараа муудах 1,803 буюу 2 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 53,178 тохиолдол буюу 80.6%-ийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.
Мөн хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн хүүхдийн дунд 17 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 44 тохиолдол бүртгэгджээ.
Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 73,070 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны үрэвсэл 18,231 буюу 25.0 хувь, улаан хоолойн сөргөө 4,485 буюу 6.1 хувь, бөөрний сувганцрын завсрын нефрит 3,735 буюу 5.1 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хавдрын 112 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 31-45 насны ангилалд 31 тохиолдол буюу 27.7 хувь, 46-60 насны ангилалд 81 тохиолдол буюу 72.3 хувийг эзэлж байна. 31-45 насныхны дунд ходоодны өмөн 32.3 хувь, хөхний өмөн 19.4 хувь, Элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 16.1 хувийг эзэлжээ.
Харин 61-ээс дээш насны ангилалд 25,651 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 5,703 буюу 22.2 хувь, анхдагч даралт ихсэх 1,969 буюу 7.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 1,770 буюу 6.9 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хорт хавдрын 103 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 36.9 хувь, ходоодны өмөн 29.1 хувь, улаан хоолойн өмөн 9.7 хувийг эзэлж байна.