Намтарчилсан ном бичдэгээрээ алдартай Францын зохиолч эмэгтэй Анни Эрно уран зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртлээ.
Академийн тайлбарт Анни Эрно нь "хувийн дурсамжийн үүсэл, цаг хугацааны өөрчлөлт, хамтын хязгаарыг дамжуулан илэрхийлж буй эр зориг, авцалдааны оновчтой байдлын төлөө" уг шагналыг хүртжээ.
Эрногийн хамгийн алдартай номуудын нэг болох "Үйл явдал" нь 1963 онд Францад үр хөндөлтийг хуулиар хориглосон үед зохиолч үр хөндөлтөөс хэрхэн амьд үлдсэн тухай өгүүлдэг. Өнгөрсөн жил тус зохиолоор бүтээгдсэн дэлгэцийн бүтээл нь Венецийн кино наадмаас Алтан арслан хүртэж байсан юм.
Уран зохиолын олон шагнал хүртсэн түүний бусад номууд нь түүний намтарт тулгуурлан бичигджээ - аавтайгаа харилцах харилцаа, түүний эрчүүдтэй харилцах харилцаа ("Охины дурсамж"), зөвлөлтийн дипломатчтай уулзаж байсан харилцаа ("Энгийн хүсэл тэмүүлэл"), Альцгеймерийн өвчин, ээжийнх нь үхэл ("Эмэгтэй") гэх мэт.
Эрно өөрийнхөө тухай бичихдээ өөрийн үеийнхний хувь заяанд дүн шинжилгээ хийж, түүнд тохиолдож буй нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг дүрсэлдэг. Жишээлбэл, "Он жилүүд" номдоо зохиолч хагас зуун жилийн турш Францад болсон хамгийн чухал үйл явдлуудтай амьдралынхаа түүхийг холбосон байдаг. "Шууд хэлэгдээгүй ч гэсэн энэ бол миний хувийн амьдрал, миний аж амьдрал, ой санамжийн призмээр дамжуулагдсан [Францын] түүх юм. Би энэ хамтын түүхийг өөрийн мэдрэмж, дурсамжийн тусламжтайгаар өгүүлдэг. Гол баатар нь бүх зүйлийг, тэр дундаа бидний амьдралыг авч явдаг цаг хугацаа, түүний урсгал юм" гэж тэр Guardian сонинд өгсөн ярилцлагадаа тайлбарлаж байжээ.
Эх сурвалж: BBC