Цаг үеийн мэдээ

Керчийн хоолойгоор дамжин өнгөрөх төмөр замын гүүрэн дээр дэлбэрэлт болж, авто замын гүүрний хэсэг нурсан байна.  Шатахууны хэд хэдэн цистерн шатаж, гүүрэн дээрх машин, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр гүүрээр гарч явсан ачааны галт тэрэгний түлшний сав шатсан байна.  Энэ тухай Крымын тэргүүн зөвлөх Олег Крючков мэдэгдсэн бөгөөд дараа нь Крымын төмөр замын хэвлэлийн алба бататган мэдээлжээ. "Гүүрний нуман тулгуур эвдрээгүй. Шалтгаан, үр дагаврын талаар ярихад эрт байна. Галыг унтраах ажил үргэлжилж байна" гэж Крючков Telegram сувагтаа бичжээ.

Үүний дараагаар ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хороо мэдээлэхдээ Крымын гүүрэн дээр ачааны машин дэлбэлсний улмаас шатахуун тээвэрлэж явсан галт тэрэг шатсан гэж мэдэгдсэн байна.

Москвагаас томилогдсон Крымын тэргүүн Сергей Аксенов "Ослын улмаас Краснодараас Керч хүртэл явдаг салааны хоёр хэсэг нурсан" гэж өөрийн Telegram сувагтаа мэдээлжээ.

Москвагийн цагаар 10:00 цагийн орчимд ОХУ-ын Онцгой байдлын яамнаас Крымын гүүрэн дээрх галыг бүрэн унтраасан тухай мэдээлсэн байна. 

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба Крымын гүүрэн дээр болсон хэргийн талаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдэгджээ.  “Мөрдөн байцаах хорооны даргын даалгавраар Эрүүгийн хэргийн ерөнхий газрын шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд хэргийн газарт очсон” гэж тус агентлагийн хэвлэлийн албанаас иш татан “Интерфакс” агентлаг мэдээллээ.  Мөрдөн байцаах хорооноос ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тодорхой мэдээлээгүй ч “Мөрдөн байцаагчид гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг илрүүлэхээр ажиллаж байна” гэж бичжээ.

Владимир Путин Ерөнхий сайд, Онцгой байдлын яамны дарга нар, хууль сахиулах байгууллагуудын дарга нараас болсон явдлын талаар мэдээлэл авч, "Болсон явдлын шалтгааныг олж тогтоох, үр дагаврыг даруй арилгах Засгийн газрын комисс байгуулахыг үүрэг болголоо" гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлсэн байна. 

Путины Крымын хойгийг улсдаа нэгтгэсний дараа барихаар захиалсан Крымын гүүрийг 2018 оны тавдугаар сард ашиглалтад оруулсан.  Нээлтийн ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж байжээ. Одоо Крымын гүүрийг Украины өмнөд хэсэгт буй Оросын армид хангамж нийлүүлэхэд ашигладаг байна.

Өмнө нь Украины цэргийн командлал гүүрийг устгах ёстой гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан.  Гэсэн хэдий ч Киев Крымын гүүрийг ажиллагаагүй болгох зэвсэг хараахан байхгүй гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа