Цаг үеийн мэдээ

Цөсний чулуу, холециститийн мэс заслын тусламж, үйлчилгээг хэвтүүлэн болон өдрийн мэс заслын аргаар хийж гүйцэтгэдэг. 

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолын хүрээнд цөсний чулуу, холецистит мэс заслын тусламж, үйлчилгээний өдрийн болон хэвтүүлэн эмчилгээний зардлын төлбөрийг хамтын төлбөртэйгөөр буюу ЭМД-ын сангаас 70 хувийг, үлдсэн 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан байна. 

Ингэхдээ хэвтүүлэн эмчлүүлж буй иргэнд хийгдэх хагалгаанд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 906 мянгаас 1.7 сая төгрөгийн төлбөрийн зардалтай байхаар баталсан. Улмаар ЭМД-ын сангаас 986.850-1.397.000 мянган төгрөгийн төлбөрийн зардлыг хөнгөлнө. Харин өдрийн эмчилгээг 780 мянган төгрөгийн төлбөртэй байхаар зохицуулж ЭМД-ын сангаас 702 мянган төгрөгийг хөнгөлнө. 

Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.

ЭМДҮЗ-ийн 01-р тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш цөсний чулуу авхуулах мэс заслын тусламж, үйлчилгээнд ЭМД-ын сангаас 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 3536 иргэний эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцаж, амьдралын чанарыг дээшлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар цөсний чулуу, холециститийн тусламж, үйлчилгээг ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 133 эрүүл мэндийн байгууллагууд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна. Эдгээр байгууллагын 80 нь Улаанбаатар хотод, 53 нь орон нутгийн эмнэлгүүд байна. 

Та эрүүл мэндийн даатгалтай гэрээт байгууллагуудтай доорх линкээр орж танилцаарай. 

https://emd.gov.mn/pages/5

Таны сурталчилгаа