Аравдугаар сарын 18-ны өглөө Украины хэд хэдэн хотууд руу буудсан байна. Украин улс даяар агаарын түгшүүр зарлаад байна.
Днепропетровск мужийн захиргааны дарга Валентин Резниченкогийн хэлснээр, мягмар гарагт Оросын цэргүүд Днепр дэх эрчим хүчний дэд бүтцийн байгууламж руу хоёр удаа пуужингийн цохилт өгч, улмаар гал түймэр гарсан байна. Хотын зарим дүүрэг цахилгаан, усан хангамжгүй болсон бөгөөд халдлагын дараа Днепроводканалын шахуургын станцуудын нэг нь эрчим хүчгүй болжээ.
Харьков хотын дарга Игорь Терехов хэлэхдээ, тус хотод аж үйлдвэрийн талбай галд өртсөн. "Таван минутын дотор хоёр цуврал дэлбэрэлт болсон" гэж тэр Telegram суваг дээрээ бичжээ. Харьковт болсон дэлбэрэлтийн улмаас метроны ажил түр зогссон байна.
Житомир дахь эрчим хүчний хангамжийн байгууламжид дахин хоёр мөн Киевийн зүүн эрэг дэх дэд бүтцийн байгууламжид гурван удаа буудлага бүртгэгдсэн гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Кирило Тимошенко мэдэгдсэн. Уг хоёр хотод цахилгаан тасалдаж байна.
Мөн Кривой Рог, Николаев руу дайрсан тухай мэдээлсэн. Николаев мужийн захиргааны тэргүүн Виталий Кимийн хэлснээр, Николаев дахь пуужингийн цохилтын үеэр цэцгийн зах болон хоёр давхар байшин оногджээ. Дараа нь нуранги доороос нас барсан хүний цогцос олдсон байна.
Аравдугаар сарын 10-наас хойш Оросууд Украины хотуудад томоохон цохилт өгч байна. Владимир Путин үүнийг 10-р сарын 8-нд Крымын гүүрэн дээр болсон дэлбэрэлтийн хариу арга хэмжээ гэж нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: Медуза