Цаг үеийн мэдээ

Индонези улсын Маланг хотын Канжурухан цэнгэлдэх хүрээлэнд хэт олон хүний бөөгнөрөл үүссэнээс 131 хүн амиа алдсан харамсалтай явдал энэ сард болсон билээ. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо ард түмнийг цочирдуулсан эмгэнэлтэй үйл явдлын дараа Канжурухан цэнгэлдэх хүрээлэнг нураах шийдвэрийг гаргасан байна. 

Зуу гаруй хүн амиа алдсан цэнгэлдэх хүрээлэнг нурааж оронд нь FIFA олон улсын хөлбөмбөгийн холбооны чанар стандартад нийцсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар болжээ. Ерөнхийлөгч Видодо Индонези улс спортын салбарт шинэчлэл, шилжилт хийх шаардлагатайг сануулжээ. 

Тэрээр өчигдөр олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантинотой уулзсаны дараа уг мэдэгдлийг хийсэн байна. Индонези улс ирэх жил Under-20 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулна. Тус улсын зургаан хотод дэлхийн 24 орны тамирчид ирж өрсөлдөнө. Канжурухан цэнгэлдэх хүрээлэнд ирэх жил ямар нэгэн тэмцээн уралдаан болохгүй. 

Энэ сарын 1-ний өдөр хөлбөмбөгийн тэмцээний үеэр үзэгчид шахцалдаж олон арваараа амиа алдсан хэргийн буруутнаар цагдаагийн офицерууд, зохион байгуулагчид гээд зургаан хүнийг татан баривчлаад байна. Тэдний эсрэг санамсаргүйгээр бусдын амь насыг хохироосон ял тулгаж байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа