Төв аймгийн Зуунмод хотын төвөөс Манзушир чиглэлийн авто зам дагуу машины дөрвөн зогсоол байгуулахаар болжээ. Тус чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор тээврийн хэрэгсэл, зорчигчдын аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, аялагч, зорчин ирэгчдийн тоо нэмэгдэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан авто зам дагуу авто зогсоол нэмэгдүүлэх, төлбөр хураах цэг шинээр барьж байгуулах ажлыг энэ онд орон нутгийн төсвийн 350.0 сая төгрөгийн хөрөнгөөр эхлүүлээд байгаа нь энэ юм.
Зогсоол байгуулах, төлбөр хураах цэг барих бүтээн байгуулалтад нийт 850.0 сая төгрөг шаардлагатай бөгөөд энэ онд 350.0 сая төгрөгийн ажил буюу төлбөр хураах цэг, нэг байршилд 2000 м2 авто зогсоол шинээр барьж байгуулах юм. Ажлын явцад нэг хүндрэл тулгараад байгаа нь цахилгааны шугам болон шон холдуулах шаардлага тулгараад байгаа учир энэхүү ажлыг хурдан хугацаанд оновчтой зохион байгуулах талаар хэлэлцэн өнөөдөр албаныхан үүрэг чиглэл, зөвлөмж өглөө.