Цаг үеийн мэдээ

Хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.

-Ураны төсөл дээр нэг шат ахиц гарлаа. Ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-1997 онд анх энэ төсөл эхэлсэн. 28 жилийн дараа ураны салбарт Монгол Улс олборлогч улсын жагсаалтад орж байна. Өмнө нь Дорнод аймгийн Мардайн ордод олборлолт хийж байсан түүхтэй. Би ажлын хэсгийг ахлахдаа нэг зүйлийг баримталж ажилласан. Рио тинтотой байгуулсан гэрээний санхүүгийн загвараас арай өөр загвараар явъя. Өөрөөр хэлбэл, бид хөрөнгө оруулалтын үүрэг хүлээхгүй. Зөвхөн өсөн нэмэгдэх реалтыг авч явдаг загвар руу шилжье гээд таван үндсэн гол нөхцөлүүдийг тохирч тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад хийх айлчлалын үеэр таван гол нөхцөл батлагдсан. Энэ төсөл хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, энэ төсөл Монгол Улс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг авч байгаа хоёр дахь тохиолдол. Хоёрдугаарт, энэ салбарт хайгуулын болон ашиглалтын лиценз авсан бусад уурхайд эхний зам мөрийг гаргаж байгаагаараа ач холбогдолтой. Гуравдугаарт, U3o08 гэдэг бүтээгдэхүүн стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн байдаг. Цаашид Улаанбаатар хотод цөмийн эрчим хүчний төслүүдийн суурь судалгаа эхлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ санхүүгийн загварын гол онцлог нь бид үнэ төлбөргүй 10 хувиа голден шэйр маягаар авч байгаа. Энэ нь тухайн компанийн үйл ажиллагаанд хориг тавих давуу эрх эдэлнэ. Үлдсэн 90 хувиа францын тал эзэмшээд 100 хувь хөрөнгө оруулалтаа гаргах төсөл. Бидний эхлүүлж байгаа Бадрах энержи төсөл олборлолтын хувьд уламжлалт уул уурхайн технологиос өөр. Уурхайн ам нээлгүйгээр газрын шаварлаг давхарлаг дотор нь ураны биетээ барьж соруулж авдаг. Ойр хавийг нь сэндийчихгүйгээр хийдэг технологи гэж ойлгож байгаа. Одоо Дорноговь аймагт баригдаад байгаа туршилтын үйлдвэрлэл амжилттай явагдаж байна. Үүнтэй адилхан технологиор дэлхийд нэлээд тэргүүлж байгаа нь Казатм. Казатмын Катко гэдэг үйлдвэрийг очиж үзсэн. Цаашид бид улс орны эдийн засгаа өөд нь татъя, автозамын түгжрэл, утааг бууруулъя, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулъя гэвэл уул уурхайн томоохон төслүүдийг л хөдөлгөж байж асуудлаа шийдэж чадна.   

-Магадгүй олон жилийн дараа Оюутолгой шиг алдаатай байж гэдэг харамсал гарахааргүй төсөл хийж чадсан уу?

-Рио тинтотой холбоотой Монгол Улсын Засгийн газраас харилцах ажлын хэсгийг би ахалж ажилласан. Ажлын хэсгийн эхний үр дүн ирээдүйд төлөх 2.4 тэрбум ам.долларын өр төлбөрийг тэглэж чадсан. Өмнөх алдаан дээрээ илүү суралцаж тодорхой хөрөнгө оруулалт оруулах байдлаар эзэмших нь хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хэмжих, зардал өсөх олон эрсдэлүүд байдаг. Ер нь уул уурхайн томоохон төслүүд дээр дандаа зардал өсдөг жишгүүд явдаг юм билээ. Тиймээс бид энэ алдааг давтахгүйн тулд Риотой хийсэн санхүүгийн загвараас эсрэг загвараар энэ хэлэлцээрийг хийсэн гэдгээ хэлье. 

-Улаанбаатар орон сууцжуулалт гэж компани нээгдсэн. Энэ нь НОСК, ТОСК-аас юугаараа ялгаатай вэ?

-Одоо бид УИХ-д 20:40-ийн хэлэлцүүлэг хийх гэж байна. Өөрөөр хэлбэл, Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг анх удаа УИХ-аар хэлэлцүүлэх хэлэлцүүлэгт орж байна. 20:40-ийн хүрээнд Улаанбаатар хотын 84 хувийг 2024 он гэхэд орон сууцжуулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд Нийслэл өөрөө айл өрхүүдийнхээ өмнө хариуцлага хүлээе. Иргэн аж ахуйн нэгж байгууллагыг хооронд нь шууд гэрээлчихээр айлын орон сууцыг нураачхаад барилгыг нь барьдаггүй олон жил болдог. Хашаа байшинг нь нураачхаад орон гэрийг нь барилгүй олон жил болдог. Ийм хохирол гомдол зөндөө гарсан. Тиймээс бид Улаанбаатар орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх тусдаа төслийн нэгж гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, 100 айлын Ногоон нуур орчмын 500 айлын газрыг чөлөөлсөн бол айлуудыг түр орон сууцаар хангаад дараа нь төслийг хэрэгжүүлсэн нэгжээс орон сууцыг нөхөн олгуулах харилцаан дээр хот оролцох онцгой үүрэг хүлээж байгаа. Энэ нь иргэдийг хохироохгүй байх гэдэг зарчмаар л явж байгаа. НОСК-ын хувьд үндсэн зорилго алдагдсан. Монголын хамгийн том СӨХ болж хувирсан. Өөрөөр хэлбэл, орон сууцжуулах бодлого нь алдагдаад айлуудад орон сууц түрээсэлдэг СӨХ-ны ажил нь өдөржингөө хийгддэг болсон. Тиймээс бодлогыг хэрэгжүүлдэг тусдаа байгууллага гаргая. НОСК одоогийн үүргээ хэрэгжүүлээд явж байг гэсэн чиглэлтэй ажиллаж байна. 

Таны сурталчилгаа