Зөөвч овоо, Дулаан уул ордын техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хэлэлцэж, хүлээн авахаар шийдвэрлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны СТР-05 дугаар өргөтгөсөн хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч овоо, Дулаан уул ордыг газрын дор уусган олборлох аргаар ашиглах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хэлэлцэж, хүлээн авахаар шийдвэрлэлээ.
Зөөвч овоо, Дулаан уулын ордод 2025-2028 онуудад бүтээн байгуулалт хийгдэж, 2028-2060 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж, 2060-2070 онуудад уурхайн хаалт, мониторингийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар 2500 тн уран олборлож, уурхайн хаалт, нөхөн сэргээлтэд 329.06 сая ам.доллар, нийт 795 ажлын байр бий болгож, төслийн хугацаанд 1.67 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, улс, орон нутгийн төсөвт 4.6 тэрбум ам.долларыг төвлөрүүлэх юм.
Уг төсөл нь Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай салбарт шинэ төрлийн экспортын ашигт малтмал болж байгаагаар онцлогтой.
TapBac
2025-01-17
Ажлын байрны зараа нээлттэй шударгаар явуулахыг хүсье... Дэлхийн том том гэнэ бүгд ард иргэдээ хангалттай цалинжуулаад ажиллуулж чадахгүй глгнүүд