Цаг үеийн мэдээ

“8 толгойтой тугал, 4 төмсөгтэй хурга яаралтай өндөр үнээр авна”. Эх орны эсрэг эх оронч царайтай ноцтой нэвтрүүлэг хийдэг юм уу гээд ийм зар тавьтал но-той юм болж, баримт материал хайсан боловч гажиг малын гар чихмэл ч олдсонгүй.

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна гэдэг шиг олон жилийн дуусдаггүй яриа дуусган хөдөлсөн ураны төслийг зогсоох 8 толгойтой тугал чинь чинь хаана байна? Газрын ховор элементийг гацаах халзан толгойтой бүргэд чинь хаана байна?

Цагдаа нар Дамбадаржаад алмас барилаа, Туул голд матар сэлж явна гэж 4-р сарын 1-ний наргиан болгож бичихэд үзсэн харсан хүний нэг болж найзууддаа гайхуулж яриад, насны онигоонд ордог, гэнэн тэнэгийн үлгэрээр улс орон хөгжихгүй. 

Ил болхи аргаар ухаж, одоо ч онгойсон нүх нь хэвээрээ Дорнодын Мардайд үхэр тус бүр нь нэг нэг толгойтой байна. Дэвшилтэт технологоор уусгаж баяжуулж олборлож ч эхлээгүй байхад Дорноговийн Улаанбадрахын тугал түрүүлээд 8 толгойтой болсон видео байвал үзье. Унждаг улаан хоолойгоо захирч барахгүй дүвчингүүд улс орны хөгжлийн дөнгийг тайлахгүй. Эх орны төлөө өмд цамц нь сугаравч дотоож бандага нь ч өөрөө хамт тайлагдсан гэдэг шиг шувтарсан цагаан бумбандаа орно.  

Менделеевийн үелэх систем мэдэхгүй химичид , Ньютоныг кино одтой андуурах физикчид, дөрвөн аргын тоо мэдэхгүй санхүүчид бол эх орноо хорлогсод. Үндэсний баялгийн сан дахь Та бидний дансанд орох хувийг замд нь замхруулах ядарсан биш задарсан буруу санаалагчид. Ураны ордод сард 7-12 саяын цалинтай ажиллах 1600 монгол хүний хийх ажил, авах хөлс, хүүхэддээ өвөртөлж очих хэдэн чихрийг булаагсад. Ураны төслөөс ноогдол ашгийн 593 сая, гурван төрлийн АМНАТ-аар авах 2 тэрбум, иргэн бүрийн дансанд орох  5.2 тэрбум долларын ашиг орлого, цалин мөнгийг таслах цацраг идэвх нь тэд юм. Хүн бүрийн дансанд орсон 135 мянган төгрөг бол Эрдэнэставантолгой гэдэг ганцхан компанийн ноогдол. Уран, газрын ховор элемент, нүүрс, зэс, алтны стратегийн орд газруудаа ашиглаж олборлож, хувьтай Монгол хүн бүр өөр өөрсдийн хувиа илүү их хүртэх ёстой.

Казахстанд аюулгүй ашигтай олборлож болдог ураныг Монголд ч олборлож болно яагаад болдоггүй юм бэ? Монголоос 16 дахин бага нутагтай Солонгост тог тасардаггүй. Учир нь атомын 28 цахилгаан станцтай. Францад тосгоны дэргэд, голын эрэг дээр атомын цахилгаан станц ажиллаж, дэргэд нь нэг толгойтой үхэр өвсөө хивээд зогсож байдаг.   Харин Монгол лаагаа асаагаад, лайгаа үүрээд үлдэх үү?

Дорноговийн махыг мөнгө төлж, цацраг идэвхтэй болгож зах дээр орилох жүжиг найруулаад илчлэгдсэн хулхи эх орончийн өмнө эрдэмтэн хүн шилтэй нь гартаа бариад зогсож болдог уранаас айж, урагшлах биш арагшилсаар байх уу?

Өөрсдөө 34 хувиа эзэмших гэсэн биш өрөн ордог эрсдэл үүрдэг, ноогдол ашиг нь но-той, ноцтой юм болж хойшилдог Оюутолгойн алдааг ураны гэрээн дээр давтсангүй.,

Үнэ ханш, өртөг зардлаас нь үл хамааран, гурван төрлийн АМНАТ, нэмээд 13 төрлийн татвар хураамж, 51 хувийн Монголын талд оногдоно. Монголын тал алтан хувьцаа эзэмшиж, ТУЗ-д нь байх ганц төлөөлөгч нь бүх шийдвэрт бүтэн хориг тавих  бүрэн эрхтэй ажиллана.  

Эрдэнэбүрэн, Эгийн гол, Багануур, Тавантолгой, 5-р цахилгаан станцуудаа барьж, харь хүнээс тог гэрэл царай алдах, доллар төлөн гуйж авахаа болих нь Монголын эрх ашиг.  

Шар дээл нөмөрсөн шамбарамтай босоо шар улс төр, Шархадны тусгай тасагт эмчлүүлмээр шар нунтгийн тухай гэнэн тэнэгийн үлгэр дуусах цаг.  

Ингэхэд Нигерт цэргийн эргэлт болсон учраас францууд уран олборлохоо больсон юм байна лээ шд. Цэргийн эргэлт хийж, Монголд баялгаа ашиглах болсон нигерчүүдэд баярлалаа.

 

Таны сурталчилгаа