Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.01.17/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. 

Эхний асуудлаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэн татвар төлөгчдийн (аж ахуйн нэгж, иргэн) хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийг тодорхой нарийвчлан тусгасан хуулийн өөрчлөлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Дараа нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Х.Баасанжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, З.Мэндсайхан, Х.Булгантуяа, Ч.Ундрам, М.Мандхай нар асууж тодрууллаа. Ингээд уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав.

Таны сурталчилгаа