Цаг үеийн мэдээ

Томуу, томуу төст өвчний талаарх цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлэв.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул: Сүүлийн долоо хоногт үндэсний хэмжээнд хийгдсэн вирус судлалын тандалтын мэдээгээр Улаанбаатар хот, Өмнөговь, Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудын томуугийн хандалтад хийсэн сорьцод вирус судлалын тандалт хийсэн байна. Нийт таван төрлийн вирус орчилд байна. Эерэг илрэлтийн хувь сүүлийн долоо хоногт 53.6 хувь болж, өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 32.3 хувиар буурсан. Вирусийн илрүүлэлтийн хувь нэлээд буурч байна. 

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч н.Зэвэгээ: 2024 оны арванхоёрдугаар сарын сүүлийн 14 хоногт ЭХЭМҮТ-д 603 хүүхэд эмчлүүлж байсан. Манайх нийт 330 хүүхдийн орны хүчин чадалтай. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдвартай 516 буюу 85 хувийг эзэлж байлаа. Одоогоор 315 хүүхэд эмчлүүлж байна. Түүнээс амьсгалын замын цочмог халдварт өвчлөл нийт хэвтэлтийн 59.3 хувийг эзэлж байна. Арванхоёрдугаар сарын сүүлээр амбулаториор өдөрт 350-400 хүүхэд үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 180-200 хүүхэд үзүүлж байна. Эрчимт эмчилгээний тасаг 22 ортой. 2024 оны 10, 11, 12 сард эдгээр ор 90-100 хувийн ашиглалттай байсан бол 2025 он гарснаар 50-55 хувьтай хэвтэн эмчлүүлж байгаа. 

Амьсгалын тоо олшрох, ямар үед амьсгалын тоо олширдог талаар зөвлөгөөг хүргэе.

0-2 сартай үед хүүхэд уйлаагүй тайван байх үед нь хүүхдийн амьсгалыг тоолно. Амьсгалыг тоолохдоо хэвлий, нурууны хэсгийг цамцыг нь сөхөж ил гаргаад, амьсгалыг 1 минутын турш тоолно. 0-2 сартай хүүхдийн амьсгалын тоо 60 ба түүнээс дээш байвал амьсгал олширсон гэж үзнэ. 2-12 сартай буюу 1 настай хүүхэд 50 буюу түүнээс дээш байвал, 1 наснаас дээш хүүхдүүд 40-өөс дээш амьсгалж байвал амьсгал олширсон гэж үзнэ. Бага насны хүүхэд амьсгалын замын өвчлөлийн үед цээж хонхолзох шинж тэмдэг илэрнэ. Энэ нь яадаг вэ гэхээр амьсгал авах үед өрцний хэсгээр цааш хонхойдог. Амьсгал олшрох, цээж хонхолзох шинж тэмдэг бага насны хүүхэд уйлаагүй тайван үед нь ажиглагдах юм бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эмчид заавал хандаарай.  

Таны сурталчилгаа