Цаг үеийн мэдээ

Мьянмарын Янгон хот дахь Инсейн хорих газрын үүдэнд хоёр хэсэг тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Лхагва гарагийн өглөө болсон дэлбэрэлтийн улмаас хорих газрын гурван ажилтан, хоригдлууд дээр эргэлтээр ирсэн таван иргэн амиа алдаж, 20 орчим хүн гэмтэж шархадсан байна.

Инсейн хорих газар нь тус улсын хамгийн том хорих газар юм. Тус хорих газарт 10,000 орчим хоригдол ял эдэлж байгаагийн дийлэнх нь улс төрийн хоригдлууд байдаг ажээ. 

Одоогоор халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсны дараа гялгар ууттай дэлбэрээгүй үлдсэн тэсрэх бөмбөгийг олжээ. Амиа алдсан таван иргэн бүгд эмэгтэйчүүд байжээ.

Янгон хотын захад байдаг тус хорих газар чанга дэглэмтэйд тооцогддог байна. Ойролцоогоор зуу орчим жилийн настай хорих газар хүнд хэцүү нөхцөл байдалтай, хоригдлуудад хүнлэг бус ханддаг тул хүний эрхийн байгууллагууд үйл ажиллагааг нь шүүмжилсээр иржээ.  

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа