Цаг үеийн мэдээ

Холливудад ази гаралтай жүжигчид хөл тавих эхлэлийг 20-р зууны эхэнд тавьсан домогт Анна Мэй Вонгийн дүрийг АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр мөнхлөн үлдээхээр болжээ. Тэрээр Америкийн мөнгөн тэмдэгт дээр дүрээ үлдээсэн анхны Ази гаралтай америк жүжигчин болох ажээ.

Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн Вонгийн дүр төрх мөнгөн тэмдэгт дээр хэвлэгдэн гарах юм байна. Түүний ази хэв маягийн царай, хагас дугуй урт нарийн хөмсөг содон харагдах нь гарцаагүй.

Мэй Вонг 1905 онд Лос Анжелест төрж, 1961 онд 56 насандаа таалал төгсжээ. Амьдралынхаа олон арван жилийг кино урлагт зориулж, Холливудын кинонд тоглосон анхны ази жүжигчин болсон юм. Ойролцоогоор 60 гаруй кинонд тоглосон байна. Анна Вонг буюу жинхэнэ нэр нь Вонг Лю Цоны тавьсан жимээр ази гаралтай жүжигчид өнөөдөр Холливудад хүлээн зөвшөөрөгддөг болсон билээ. 

Вонг 14 настайгаасаа жүжиглэж эхлэн, гурван жилийн дараа Toll of The Sea кинонд тогложээ. Гэвч түүний замнал дардан байсангүй. Үргэлж арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, кино салбарт ч үнэлэгдэхэд бэрх байжээ. Хамтдаа ижил дүрд тоглосон цагаан арьст жүжигчин Мэрлин Диетрих 78,166 ам.долларын цалин авч байхад Вонг ердөө 6,000 ам.долларын хөлс авч байсан удаа бий. 

Гэсэн ч тэрээр Холливудын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг байсан юм. Вонг Холливуд дахь арьс өнгөний үзлээс зугтаж Европ руу явсан нь түүнд маш том боломжийг нээж, Англи, Герман, Франц кинонуудад тоглох болжээ. 

Эх сурвалж: The Guardian 

Таны сурталчилгаа