Цаг үеийн мэдээ

Парист 12 настай охины амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа Францад цагаачлал, цагаачдын асуудлаар маргаан үүсээд байна. Тус улсад хууль бусаар амьдарч байсан гадаадын иргэн Франц охины амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа нь тогтоогдсоны дараа баруун жигүүрийн намууд цагаачлалын хуулийг чангатгахыг шаардаж байна.

Лола охины цогцсыг өнгөрсөн баасан гарагт түүний амьдарч байсан орон сууцны хашаанаас олсон байна. Охины гар, хөлийг хүлсэн байсан нь тогтоогджээ. Бие дээр олон тооны хүчирхийллийн шинж тэмдэг илэрч, хүзүүнд нь шарх байсан ба задлан шинжилгээгээр тэрээр амьсгал боогдож нас барсан нь тогтоогджээ.

Хэвлэлд Дабиа Б хэмээн нэрлэгдээд буй Алжираас ирсэн 24 настай цагаач эмэгтэйг хүн амины хэрэг, хүчингийн хэрэг, эрүүдэн шүүсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тэрбээр тус улсад хууль бусаар байгаа шалтгаанаар түүнд хэдэн долоо хоногийн өмнө Францаас гарахыг шаардлага тавьсан байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт Елисей ордонд нас барсан охины эцэг эхтэй уулзаж, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Гэсэн хэдий ч барууны үзэлтэй улстөрчдөд энэ нь итгэл үнэмшилтэй санагдаагүй байна.

Францын Үндэсний Ассемблейн хуралдааны үеэр хэт барууны "Үндэсний фронт" намын дарга Марин Ле Пен засгийн газрын цагаачлалын "сул" бодлогыг буруушаажээ. "Энэ харгис үйлдлийн сэжигтэн манай улсад байх ёсгүй байсан. Энэ хяналтгүй, далд цагаачлалыг эцэслэн зогсооход юу саад болж байна вэ?" хэмээн тэрээр хэлжээ.

Ле Пен Ерөнхий сайд Элизабет Борн хандан хэлэхдээ “Та яаралтай хариулт өгч, манай улсад хууль дээдлэх ёсыг хангахын тулд буултгүй шийдвэр гаргах үүрэгтэй” хэмээжээ.

Лолагийн дурсгалд зориулсан жагсаалыг гэр бүлийнх нь хүсэлтийн дагуу лхагва гарагт цуцалжээ. Гэвч маргааш нь жагсаал болох бөгөөд үүнд хэт барууны үзэлтэй хэд хэдэн улстөрчид оролцох юм байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа