Лиз Трасс Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсоноосоо хойш 45 хоногийн дараа үүрэгт ажлаасаа огцорч буйгаа мэдэгдлээ. Мөн тэрээр эрх баригч Консерватив намын даргын ажлаа хүлээлгэж өгнө гэжээ.
Лиз Трасс намын дарга болж, Ерөнхий сайдын албыг авахдаа өгсөн амлалтдаа хүрэх боломжгүй болсон тул ажлаа өгөхөөр болсон гэж тайлбарласан байна. Ерөнхий сайдын албаны тушаалаас огцрох хүсэлтээ гуравдугаар Чарльз хаанд уламжилжээ.
Түүний орыг залгаж дараагийн Ерөнхий сайд, эрх баригч намын даргыг сонгоход ердөө долоо хоногийн хугацаа байгаа юм. Одоогоор нэр дэвшигчдийн нэр тодорхой болоогүй ч ирэх долоо хоногийн даваа гарагийн 14 цаг гэхэд нэр дэвшигчид тодорхой болно.
Ерөнхий сайд асан Борис Жонсон дахин өрсөлдөж магадгүй гэсэн цуу яриа гарсан ч Жонсоны ажлын албанаас албан ёсоор энэ тухай мэдээлэл өгөөгүй байна. Мөн сайд асан Майкл Гоүв, канцлер Жереми Хант, канцлер асан Риши Сунак, олон улсын худалдааны сайд Кеми Баденоч зэрэг хэд хэдэн хүний нэр яригдаж байна.
Эх сурвалж: The Guardian