БНХАУ-ын Хэнань мужийн Ружоу хот дахь тусгаарлалтын байранд 14 настай охин амьсгал хураасны дараа иргэд уур бухимдлаа илэрхийлж байна. Гуо Жинжин охин тусгаарлах байранд ирснээсээ хойш хоёр хоногийн дараа өндөр хэмтэй халуурч, улмаар бие нь чичирч, татганаж буй бичлэг Хятадын Douyin болон TikTok аппликейшнуудаар цацагдсан байна.
Засгийн газрын хэрэгжүүлж буй тэг-ковид бодлогын хэт хатуу чанга дүрэм журам иргэдийн тэвчээрийг барж буйн илэрхийлэл гэж эх сурвалж дурджээ. Жинжин охины гэр бүл түүний нас барахаасаа өмнө хүндээр өвдөж буй бичлэгийг цахим сүлжээнд тавьж буруутай этгээдүүдэд шударга шийтгэл онооход тусламж хүссэн байна. Одоог хүртэл охины нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа ажээ.
Охины аав Гуо Лелегийн хэлснээр Жинжиний биеийн байдал муудсаар байсан ч түүнд ямар нэг эмчилгээ хийж, тусламж үзүүлээгүй, тоолгүй орхисон гэжээ. Тэд Хятадын Коммунист намын төв хороо болон Сахилгын хяналтын хорооноос хэргийг нягтлан шалгаж, охины амийг буцааж өгөхийг шаардаж буйгаа илэрхийлжээ.
Цахим орчинд иргэдийн эсэргүүцэл, шүүмж нэмэгдэж зарим хүмүүс Ши Жиньпин даргын ковидын эсрэг бодлогыг шүүмжлэн бухимдсан байна. Иргэд өнгөрсөн есдүгээр сард тусгаарлалтын байр руу явж байсан автобус осолдож 27 хүн нас барсан хэргийг ч мөн сөхөж, уг хэрэг Коммунист намын их хуралтай давхцаж байсан тул нийтэд мэдээлээгүйг нь шүүмжлэн буруутгажээ.
Эх сурвалж: ВВС