Korean Air компанийн А330 онгоц ширүүн борооны үеэр Себу олон улсын нисэх буудалд ослын буулт хийжээ. Онгоц газардахдаа Себугийн олон улсын нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасыг давж гарсан байна. Уг онгоц Сөүл Инчон-Себу Мактан чиглэлд нислэг үйлдэж байсан юм. SkyTeam агаарын тээврийн компанийн гаргасан товч мэдэгдэлд хэрэг явдлыг шалгаж байна, онгоц цаг агаарын таагүй нөхцөлд газардсан гэж тэмдэглэжээ. “Korean Air” компани гэмтэж бэртсэн хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Нислэгийн хяналтын мэдээгээр тус онгоц орон нутгийн цагаар 19:20 цагийн орчимд Сөүлээс хөөрсөн байна. Орон нутгийн цагаар 23:08 цагийн орчимд гурван удаа буух оролдлого хийж сүүлийнх дээрээ осолджээ. Агаарын хөдөлгөөнийг хянадаг Flightradar24-ийн мэдээллээс үзэхэд онгоц газардах гэж оролдохоосоо өмнө Мактан Себу олон улсын нисэх онгоцны буудлыг хэд хэдэн удаа тойрсон бололтой.
Себугийн цаг уурын мэдээллээс үзэхэд хэрэг болох үед аянга цахилгаантай байсан. Лапу-Лапу хотын гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлагын газрын дарга Нагиэл Банасиагийн хэлснээр нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоосон байна.
Олон нийтийн сүлжээн дэх зургуудаас онгоц нисэх зурвасын төгсгөлд хамраараа газардсан байгаа бөгөөд онгоцны зүүн хөдөлгүүр бас гэмтсэн мэт харагдаж байна. Зорчигчдыг яаралтай гулсуураар буулгаж шилжүүлсэн гэж нүдээр үзсэн гэрчүүд хэлж байна.
"Korean Air" компанийн ерөнхийлөгч Кихонг Ву агаарын тээврийн компанийн цахим хуудаснаа уучлалт гуйж, Филиппин болон Өмнөд Солонгосын эрх баригчид шалтгааныг тодруулахын тулд нарийн шалгалт явуулна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Flight global