Цонхноос хол, бие засахад хүндрэлтэй зэргээр нисэх онгоцны дунд суудал зорчигчдын тэр бүр хүсдэггүй байрлал гэдэг нь гарцаагүй. Виржин Австрали нислэгийн компанийн цахим сүлжээнд явуулсан судалгаагаар 7,500 хүний 0,6 хувь нь л дунд суудалд сууж болох юм гэж хариулжээ.
Гэвч энэ тоо удахгүй өөрчлөгдөнө гэж Виржин Австралийн ажилтнууд үзэж байна. Учир нь зөвхөн дунд суудлыг сонгосон зорчигчдын дунд 230,000 австрали доллар буюу 145,000 ам.долларын шагналын сантай хонжворт сугалаа зарлажээ. Нислэгийн бүх үеийг хөгжилтэй, сонирхолтой болгохын тулд зарим нэг өөрчлөлтийг эхлүүлэхээр шийдсэн гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жейн Хрдликка мэдэгдсэн байна.
Уг хонжворт сугалаа аравдугаар сарын 24-ний өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх ба 18 болон түүнээс дээш насны зөвхөн дунд суудалд суусан зорчигчид Виржин Австрали аппликейшн ашиглан оролцох эрхтэй.
Сугалааны азтаныг долоо хоног бүр шалгаруулна. Азтануудад бүхэл өдрийн турш нисдэг тэргээр зугаалах, хоёр өдөр тансаг зэрэглэлийн амралтад амрах, өндрөөс үсрэлт хийх зэрэг шинэлэг бэлгүүдийг санал болгож байгаа ажээ. Мөн Австралийн хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдэд зориулж шигшээ багийн тоглолтын тасалбар, нислэгийн зардал болоод тоглолтын өмнөх үдийн зоог, дараах үдэшлэгт оролцох эрхийг ч мөн хонжворт багтаажээ.
Эх сурвалж: CNN