Цаг үеийн мэдээ

Реппер Канье Уэстын хувьд өнгөрсөн хоёр долоо хоног томоохон загварын орднууд, бизнесийн бусад хамтрагчдаа алдсан таагүй цаг хугацаа үргэлжиллээ. Хэт барууны үзэл баримтлалтай гэж шүүмжлэгддэг реппер арьс өнгө болоод еврей шашинтнуудын эсрэг ялгаварлан гадуурхсан үзэл гаргасан нь түүнийг олон зуун сая долларын гэрээгээ алдахад хүргэсэн байна.

Хамгийн сүүлд спорт хувцасны Adidas брэнд реппер Ye буюу Канье Уэсттэй байгуулсан 250 сая ам.долларын гэрээгээ дуусгавар болгохоо мэдэгджээ. Adidas компанийн мэдэгдэлд тус брэнд нь антисемитизм болон үзэн ядах төрлийн үг хэллэгийг хүлээн зөвшөөрөхгүй ба Ye-ийн сүүлийн үед хэлсэн үг, гаргасан үйлдэл байж боломгүй, аюултайн дээр компанийн үнэт зарчимтай зөрчилдөж байна гэжээ. 

Парисын загварын долоо хоногт Канье “White Lives Matter” гэсэн T-shirt өмссөний дараа Adidas-ын Yeezy брэнд хамтын ажиллагаагаа дахин бодолцож үзэхээ мэдэгдэж байжээ. Үүнээс хэдхэн өдрийн дараа тэрээр семитийн эсрэг үзэл харуулсан постоо Твиттерт нийтэлсэн юм.

Гэрээгээ дуусгавар болгохоор шийдсэн тул Adidas Каньетай хамтарч гаргасан бүх бараа бүтээгдэхүүнээ худалдаанаас татан авахаар болсон байна. Улмаар репперийн 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө 400 сая ам.долларт хүрсэн тул Форбес сэтгүүлээс эрхлэн гаргадаг тэрбумтнуудын жагсаалтаас хасагджээ.

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа