Нидерландын сэтгүүлчид Хятадын эрх баригчид Нидерландад хоёр бүртгэлгүй, хууль бус "цагдаагийн газар" байгуулсныг нотлох баримт олжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Хятад улс дэлхий даяар ижил төстэй байгууллагуудыг бий болгосон тухай ярьж байна.
Хилийн чанадад байгаа Хятадын иргэдэд дипломат болон захиргааны үйлчилгээ үзүүлэх зорилготой гэгддэг "гадаад дахь үйлчилгээний цэгүүд" нь үнэн хэрэгтээ Хятадын тэрс үзэлтнүүдийг айлган сүрдүүлэхэд ашиглагдаж байгааг Голландын хэвлэлүүд мэдээлж байна.
Нидерландын ГХЯ-ны төлөөлөгч ийм зүйлийг хууль бус гэж хэлж байгаа ч Хятадын тал эдгээр зүйлийг үгүйсгэж байна.
Мөрдөн байцаалтын шалтгаан нь Испанид төвтэй “Safeguard Defenders” төрийн бус байгууллагын “Хятадын үндэстэн дамнасан цагдаагийн үйл ажиллагаа зэрлэгшиж байна” гэсэн гарчигтай илтгэл байжээ.
Тус ТББ-ын мэдээлснээр, Хятадын хоёр мужийн олон нийтийн аюулгүй байдлын хэлтэс таван тивийн 21 оронд хилийн чанад дахь 54 цагдаагийн газар байгуулжээ. Эдгээрийн ихэнх нь Европт байрладаг бөгөөд 9 нь Испанид, 4 нь Италид байдаг, мөн Их Британийн Лондонд хоёр, нэг нь Глазго хотод байдаг. Эдгээр байгууллагыг олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх, жолооны үнэмлэх шинээр олгох зэрэг захиргааны хэд хэдэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан гэх. Гэсэн хэдий ч Safeguard Defenders-ийн мэдээлснээр тэд Бээжингийн дэглэмийг шүүмжилсэн гэж сэжиглэгдэж буй Хятад иргэдийг эх орондоо буцаж ирэхийг албадахын тулд үндсэндээ "ятгах ажиллагаа" гэж нэрлэгдэх ажиллагааг явуулж байна.
RTL News болон “Follow the money” эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг хамтран Хятадын тэрс үзэлтэн Ван Жингуйгийн түүхийг өгүүлсэн бөгөөд тэрээр Хятадын цагдаа нар түүнийг Нидерландад мөшгөж байгаа гэж мэдэгджээ. Тэрээр Нидерландын сэтгүүлчдэд хэлэхдээ оны эхээр өөрийг нь хилийн чанад дахь цагдаагийн газрын нэгэн ажилтан гэж танилцуулсан хүн залгасан байна. Ярилцах үеэр тэр хүн "Өөрийнхөө асуудлыг шийдэж, эцэг эхийнхээ талаар бодож" аль болох хурдан Хятад руу буцаж очихыг санал болгожээ. Түүнээс хойш Вангийн хэлснээр түүний эсрэг системтэй дарамт шахалт, айлган сүрдүүлэх кампанит ажил өрнөсөн бөгөөд үүнийг Хятадын засгийн газрын агентууд зохион байгуулсан гэж үзэж байна.
RTL News Хятадын элчин сайдын яаманд эдгээр баримтын талаар мэдээлэл өгөхөд тэд ийм цагдаагийн газар байдаг талаар юу ч мэдэхгүй гэж хариулжээ.
Нидерландын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Максим Ховенкамп "БНХАУ-ын засгийн газар ийм ажиллагааны талаар дипломат шугамаар Нидерландын засгийн газарт мэдэгдээгүй, энэ нь хууль зөрчсөн үйлдэл" гэж ВВС-д ярьжээ.
Одоо Голландын эрх баригчид Нидерландад улс төрийн орогнол авсан Хятадын дэглэмийг шүүмжлэгчдийг хамгаалах арга хэмжээ авах төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC