Индонезийн Суматра арлын Жамби мужийн тариалангийн талбайд ажиллахаар ням гарагийн өглөө ажилдаа явсан эмэгтэй эргэж ирээгүй байна. 54 настай эмэгтэйн нөхөр түүнийг орой гэртээ ирээгүй тул сураггүй алга болсон гэж цагдаад дуудлага өгч, мэдэгджээ.
Гэтэл сураггүй болсон эмэгтэйн цогцос тариалангийн талбайд байсан долоон метр урт аварга могойн гэдэснээс олдсон байна. Жахра нэртэй эмэгтэйн нөхөр ням гарагийн шөнө түүнийг хайж яваад өмсөж гарсан углааш, толгойн алчуур, хүрэм, ажлын багаж зэргийг нь олжээ.
Тэр даруй цагдаа нар луу залгаж, ойр орчмын хүмүүсээс тусламж гуйсан байна. Даваа гарагийн өглөө хайгуулчид аварга могойг олжээ. Онцгой байдлын аврагчид болон эрэл хайгуулд оролцож байсан иргэд могойг сэжиглэж байсан тул барьж аван гэдэс дотрыг нь шалгахад сураггүй болсон эмэгтэйн цогцос олдсон байна.
Аварга могой ихэвчлэн жижиг биетэй амьтдыг олзоороо сонгож, тэднийг хавчиж шахан амийг нь авч идшээ болгодог. Харин хүн барьж зооглох нь тун ховор тохиолддог байна. 2018 онд Индонезийн Сулавесигийн Муна арал дээр аварга могой цэцэрлэгт зугаалж байсан эмэгтэйг барьсан байжээ.
Нөгөөтээгүүр хүмүүс могойд хатгуулах тохиолдол их гардаг ба жил бүр могойд хатгуулсан 5,4 сая тохиолдол бүртгэгддэг байна. Тэдгээрийн 1,8-2,7 сая орчим тохиолдол нь хортой могойд хатгуулсан байдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian