Цаг үеийн мэдээ

Италийн Милан хотын ойролцоо байдаг Ассаго жижиг хотын супермаркетад хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Каррефор супермаркетад үл таних эрэгтэй эргэн тойрны хүмүүс рүү хутгатай дайрч эхэлсэн байна.

Уг халдлагын үеэр 30 настай кассын ажилтан амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж шархаджээ. Хутгалуулж шархадсан хүмүүсийн дунд Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Пабло Мари багтсан байна. 

Мари нуруундаа хутгалуулсан ба авсан шарх нь амь насанд халгүй гэж төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Монза клубын гүйцэтгэх захирал Адриано Галлианигийн мэдээлснээр Мари эхнэр, бага хүүгийн хамт дэлгүүр хэсэж байжээ. Гэнэт түүний нуруу хүчтэй өвдөж, эргээд харахад сэжигтэн өөр нэг хүний хоолойг огтолж байхыг харсан байна.

Цагдаа нарыг ирэхэд супермаркетын үйлчлүүлэгчид 46 настай сэжигтнийг саатуулж байгаад шилжүүлэн өгчээ. Уг сэжигтэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болохыг мэдээлжээ. Халдлага пүрэв гарагийн орой 18:30 цагийн үед болсон. Дэлгүүр дотроос цочролд орсон хүмүүс орилолдон гарч зугтахыг гэрчүүд харжээ. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа