Цаг үеийн мэдээ

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн халдварын тохиолдлыг илрүүлэн, баталгаажуулах (IGRA) сүрьеэгийн сорил шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол хийж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, ковидын дараах шинж тэмдгийг оношлох үзлэг хийснээр уушгины өөрчлөлт, нурууны мурийлт, архаг бронхит, сүрьеэгийн далд халдвар зэргийг илрүүлсээр байгаа юм.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн ЕБС-ийн нийт 526 багш, ажилчид, сурагчид сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас 15-аас дээш насны 465 сурагч үзлэгт оржээ.

Үзлэгээр сурагч тус бүрээр нь асуумж, рентген зураг авч нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.

Тус үзлэгийн үеэр уушгины рентген зураг өөрчлөлттэй 25 сурагчдыг илрүүлж, сурагчдын цуснаас баталгаажуулах шинжилгээ авч, эерэг гарсан тохиолдлуудыг эмчилгээнд хамруулахаар болжээ.

Сүрьеэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр  үр дүнтэй ажил зохион байгуулж байгаад  ЭМЯ, Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ, БЗД-ийн ЕБС-иудын удирдлагууд, ХӨСҮТ, АШУҮИС-ийн Ангаахын ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим болон БЗД-ийн сүрьеэгийн диспансерын хамт олонд сурагчдын эцэг, эхчүүдийн зүгээс талархал илэрхийлжээ.

ЭСИТ-ээс 2022 он дуустал нийслэлийн хүн амын сүрьеэгийн өвчлөл өндөр дүүргүүдийн ЕБС-иудаар сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо үргэлжлэн явуулахаар ажиллаж байна.

 “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ нь 2021 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн нийт 4860 гаруй, 2022 онд Баянзүрх дүүргийн 4220 гаруй сурагч, багш ажилчдыг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулж, нийт 100 гаруй уушгины рентген зураг өөрчлөлттэй тохиолдлыг илрүүлсэн байна. Үүнээс сүрьеэгийн 16 тохиолдлыг илрүүлэн харьяа эрүүл мэндийн байгууллагад эмчилгээнд хамруулан үр дүнгээ тооцсон байна. 

Таны сурталчилгаа