Цаг үеийн мэдээ

Бразил улсад энэ сарын эхэнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтаар өнөөгийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро болон Ерөнхийлөгч асан Лула да Силва нар хамгийн өндөр санал авч хоёрдугаар шатны санал хураалтад өрсөлдөхөөр болсон билээ. Өчигдөр болсон хоёрдугаар шатны сонгуулийн дүн гарсан байна.

Тус улсын Ерөнхийлөгчөөр Лула да Силва сонгогдож, Жайр Болсонаро ялагдал хүлээжээ. 2003-2010 оны хооронд Бразилын төрийн тэргүүнээр ажиллаж байсан, зүүнтний үзэл баримтлагч Лула 50,8 хувийн санал авсан бол барууны үзэлтэн Болсонаро 49,2 хувиар ялагджээ. Болсонарогийн Ковид-19 цар тахлын үед явуулсан бодлого, Амазоны ширэнгэн ойг үгүй хийх алхам хэрэгжүүлсэн зэрэг нь иргэдийн дэмжлэгийг алдах гол шалтгаан болсон гэж ажиглагчид дүгнэж байна.

Лула Ерөнхийлөгчийн суудалд эргэн ирэхдээ нэн тэргүүнд өлсгөлөнгийн эсрэг тэмцэхээ амлажээ. Тэрээр Бразилын сая сая иргэн өөх тос бага хэрэглэж, уургаар баялаг хүнс хэрэглэх ёстой гэж сонгуульд ялсныхаа дараа дэмжигчдийнхээ өмнө хэлсэн үгэндээ онцолжээ. Мөн ардчиллын тухай ойлголтыг шинээр сэргээж, арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэж, цагаан ба өнгөт арьстай иргэд болон уугуул оршин суугчдад ижил тэгш боломжийг олгож, эн тэнцүү эрх эдлүүлнэ гэсэн амлалтыг өглөө. 

Лула хуваагдсан ард иргэдийг нэгтгэж, ард түмэнд галт зэвсгийн оронд ном санал болгохоо мэдэгдсэн байна. Болсонаро өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Бразил даяар галт зэвсгийн хуулийг сулруулж, иргэдэд галт зэвсэг эзэмших эрхийг олгоод байсан бол Лула галт зэвсгийн хуулийг эргэн чангатгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Таны сурталчилгаа