Цаг үеийн мэдээ

Швейцарын холбооны улсын Женев хотноо Хавдрын дэлхийн их хурал болж өндөрлөлөө. Олон улсын хавдрын хяналтын байгууллагаас хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү хурлаар хавдрын асуудлаар дэлхийн хэмжээнд тулгамдаж буй нөхцөл байдал, ковидын дараах өвчлөлийн төлөв зэрэг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд дэлхийн 120 орны 2000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Женевт төвтэй Олон улсын хавдрын хяналтын байгууллага 1935 онд үүсгэн байгуулагдаж өдгөө дэлхийн 172 орны 1200 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хавдрын эрт илрүүлгийн асуудал ковид цар тахлын улмаас зарим улс оронд орхигдоход хүрсэн, цагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүйгээс хавдрын өвчлөл цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг хурлаар онцлон хэлэлцсэн байна. Түүнчлэн умайн хүзүүний хорт хавдрыг 2030 он хүртэл устгах олон улсын зорилтын бодит үр дүн, зорилтод хүрэхэд улс орнууд хэрхэн ажиллах зэрэг асуудлаар зөвлөмж гаргажээ. Манай орны хувьд умайн хүзүүний хавдрын өвчлөлөөр бүс нутагтаа тэргүүлж байгаа юм. Улс орнууд уг хавдрын эрт илрүүлэгт бидний хэрэглэж заншсан “ПАП шинжилгээ”-ээс татгалзаж, Хүний Папиллома Вирусийг илрүүлэх шинжилгээ рүү шилжин, хавдраас сэргийлэх ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлж байна. Хавдрын дэлхийн их хуралд Монгол улсыг төлөөлөн Хавдрын үндэсний зөвлөлийн үүсгэн байгуулагч, доктор Б.Цэцэгсайхан урилгаар оролцоод иржээ. Хавдрын үндэсний зөвлөл нь 2014 онд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага бөгөөд умайн хүзүүний хавдар, хүүхдийн хавдар, хавдрын эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Таны сурталчилгаа