Энэтхэгийн Гужарат мужийн Морби тосгонд өнгөрсөн ням гарагт явган хүний гүүр нурсны улмаас нас барсан иргэдийн тоо 141 болж нэмэгдээд байна. Гүүр нурах үед олон тооны өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүд мөрний усанд унасан бөгөөд авран хайх ажил үргэлжилж байгаа тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй юм.
Мужийн цагдаа нар уг осолд гэм буруутай гэж үзэн есөн хүнийг баривчлан саатуулжээ. Баривчлагдсан хүмүүсийн тав нь гүүрний засварын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан компанийн эрх бүхий албан тушаалтнууд байгаа юм. Мөн гүүрийг олон нийтэд үзүүлэх ажлыг зохион байгуулсан менежер, тасалбар түгээгч, хамгаалалтын ажилтныг баривчилжээ.
19-р зууны үед буюу 1880 онд баригдсан 140 жилийн настай 230 метр урт гүүрэнд засвар хийх шаардлагатай болсон тул хэсэг хугацаанд хаалттай байж байгаад нээгээд хэдхэн хоногийн хугацаа өнгөрөөд байжээ. Баригдсан этгээдүүдийг хүн амины гэмт хэрэгт буруутгахаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Гүүрийн засварын ажлыг гүйцэтгэсэн Орева компанийн зүгээс гүүрэн дээр хэт их хүн гарч, даац хэтрүүлснээс нурсан гэх тайлбарыг өгч байсан юм. Нөгөө талаар гүүрийг дахин нээхээс өмнө албаныхан аюулгүй байдал, засварын чанарыг шалгасан эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.
Жулто Пул нэртэй дүүжин гүүр нь Морби тосгонд ирсэн хүмүүсийн заавал очиж үзэх ёстой 10 газрын нэг тул аялагч жуулчид олноор цугладаг байна. Осол болох үед гүүрэн дээр 400-500 орчим хүн байсан гэж тооцжээ. Аврагчид 200 орчим хүнийг уснаас аварчээ. Аврах ажиллагаанд 10 гаруй завь, үндэсний онцгой байдлын албаны баг, тэнгисийн цэргийн шумбагчид болон дөрвөн кран оролцож байна.
Эх сурвалж: ВВС