Цаг үеийн мэдээ

Гурван жил орчим үргэлжилсэн цар тахлын дараа дэлхийн улс орнууд хилээ нээсэн ч БНХАУ хилийн хатуу чанга хоригоо тавилгүй, тэг-ковид бодлогыг хэрэгжүүлсээр байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт Хятадын Шанхай хотод коронавирусээр халдварласан 10 тохиолдол бүртгэгдсэний дараа даваа гарагийн өглөө 11:30 цагт Диснейн цэнгэлдэх хүрээлэнд гэнэтийн хөл хорио тогтоох шийдвэр гарчээ.

Диснейн тоглоомын төв болон худалдааны гудамжинд хөл хорих шийдвэр гарсны дараа хаалгануудыг барьж дотроос нь хүн гаргахгүй, гаднаас хүн оруулахгүй болсон байна. Гэнэтийн хөл хорионд орсноо мэдсэн хүмүүс хэдийн хаагдсан хаалга руу дайрч гарахыг оролджээ. Цэнгэлдэх хүрээлэнд гацсан иргэд бүгд коронавирусийн шинжилгээ өгөх ёстой ба сөрөг хариу гарсан иргэдийг гэрт нь хариулах юм байна. 

Иргэд сандарч үймсэн ч цэнгэлдэх хүрээлэнгийн тоглоомууд хэвийн горимын дагуу ажилласаар байгаа ажээ. Мөн тус цэнгэлдэх хүрээлэнд 10 дугаар сарын 27-оос хойш очсон иргэд гурав хоног дараалж шинжилгээ өгөхийг эрх баригчид анхааруулсан байна. Шанхайн Дисней жилийн хугацаанд хоёр дахь удаагаа ийнхүү гэнэтийн хөл хорионд орж байна. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард тус цэнгэлдэх хүрээлэн хоёр хоногийн турш хөл хорионд орж 30,000 хүн дотор нь гацаж байжээ.

Шанхайн эрх баригчид Диснейн хаалгыг хэзээ нээхээ мэдэгдээгүй байна. Гэхдээ дотор гацсан иргэдэд зориулж худалдаж авсан тасалбарыг нь зургаан сарын турш хүчинтэй байлгаж, нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ. 

Даваа гарагт Хятад даяар ковидын халдвар авсан 479 тохиолдол бүртгэгдсэн ба шинж тэмдэггүй 2,200 тохиолдол илэрсэн байна. Өнгөрөгч аравдугаар сарын 24-ний байдлаар Хятадын 200 орчим байршилд хөл хорио тогтоосон байжээ. 

Эх сурвалж: ВВС, The Guardian 

Таны сурталчилгаа