Цаг үеийн мэдээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн гэрт 42 настай эрэгтэй өнгөрсөн баасан гарагт дайран орсон тухай мэдээлжээ. Уг эрэгтэй Пелосигийн Сан Франциско дахь гэрт дайран орж түүний нөхөр 82 настай Пол Пелосиг алхаар цохисон байна. 

Уг балмад үйлдлийнхээ дараа “Нэнси хаана байна” хэмээн хашхирч, 82 настай хатагтайг хайжээ. Энэ үеэр АНУ-ын нэр нөлөө бүхий улстөрч Вашингтонд албан үүргээ гүйцэтгэж байсан тул гэртээ эзгүй байсан юм. Дайралтад өртсөн ноён Пелосигийн тархи хагарч, баруун гар нь гэмтсэн байна. Хатагтай Пелоси Сан Францискод ирсэн даруйдаа нөхрөө эргэхээр эмнэлэг явжээ. Тэд 1963 онд гэр бүл болон гэрлэж байжээ.

Уг этгээд чухам ямар шалтгаанаар Пелосигийн гэрт дайрч орсон сэдэл тодорхойгүй байгаа ч санаатай дайралт гэж цагдаа нар үзэж байна. Америкийн Хуульзүйн яам сэжигтнийг Дэвид Депап болохыг зарлаж, холбооны хоёр ч хуулийг ноцтой зөрчсөн гэж буруутгажээ. 

Нэгдүгээрт уг сэжигтэн АНУ-ын төрийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэснийх нь төлөө гэр бүлийн гишүүнд нь халдсан гэх зүйл ангиар буруутгасан байна. Уг зүйл анги нь 30 хүртэл жилийн хорих ялтай. Хоёрдугаарт Нэнси Пелосийг хулгайлахыг завдсан гэж үзжээ. Уг зүйл ангид гэм буруутайд тооцогдвол 20 хүртэл жилийн хорих ял сонсох юм.

Сан Францискогийн дүүргийн прокурор сэжигтний эсрэг хүн амины гэмт хэрэг үйлдэхийг завдсан, ахмад настанд халдсан зэрэг зургаан зүйл ангийн ял тулгахаар зэхжээ. Мөн прокурор Брүк Жэнкинс сэжигтэн улс төрийн зорилготой үйлдэл гаргасан гэж үзсэн байна. Учир нь сэжигтэн мэдүүлэг өгөхдөө хатагтай Пелосийг суумгай болгох зорилготой байсан ба тэрээр Төлөөлөгчдийн танхимын хуралд оролцохдоо тэргэнцэртэй явах ёстой байсан хэмээн ярьжээ. Сэжигтний биеэс цагаан олс, скоч, алх, бэхлэгч зэрэг олдсон байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа