Цаг үеийн мэдээ

Энэ жилийн сүнсний баяраар БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итаевон дүүргийн нарийн гудамжинд олон мянган баярт оролцогч шахцалдан 156 хүн амь насаа алдсан эмгэнэлт явдал болсон. Тус улсад энэ сарын 5-ны өдөр хүртэл гашуудал зарлаад байгаа билээ.

Тэгвэл үхэл дагуулсан шахцалдаан болохоос хэдэн цагийн өмнө буюу өнгөрсөн бямба гарагийн орой 18:34 цагт цагдаагийн байгууллагад анхны дуудлага ирсэн болохыг мөрдлөг шалгалтын явцад тогтоожээ. Өмнөд Солонгосын яаралтай тусламжийн 112 дугаарт Итаевон дүүргийн гол гудамжинд байгаа баярт оролцогчид дуудлага өгсөн байна. Тэд Хамилтон зочид буудлын хажууханд байгаагаа хэлж, энд аюултай бөөгнөрөл үүсээд байна гэдгийг анхааруулжээ. 

Дуудлага өгсөн иргэн “яг одоо хүмүүс олноороо цугларч байна. Тэд эргэж буцаж чадахгүй байгаагаас гарахад удахгүй шахцалдаан үүсэх бололтой. Би тэр дундаас арай ядан гарсан боловч хэтэрхий их хүн байна. Миний бодлоор та нар үүнийг хяналтдаа авах хэрэгтэй байх” хэмээн ярьсан байна. Үүний хариуд цагдаагийн офицер дуудлага өгсөн иргэнийг “та хүмүүсийн урсгал удааширч байна гэж хэлэх гээд байна уу, тэд бөөгнөрч унаж байна уу, том осол болох гэж байна уу” хэмээн асуужээ. Дуудлага өгсөн иргэн “яг одоо үнэхээр аймаар байна” гэж нөхцөл байдлыг тайлбарлан хариулжээ.

Уг дуудлагаас хойш гурван цагийн хугацаанд 10 ч дуудлага цагдаад ирж нөхцөл байдал хүндэрснийг хэлсэн байна. Гэвч цагдаа нар осол болсон газарт хангалттай бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, нөхцөл байдлыг хянаагүй гэж хэргийн газарт байсан гэрчүүд ярьжээ. 

Хэргийн нотлох баримтуудыг цуглуулж, шинжээчид хэргийн газарт ажиллаж байгаа юм. Тэд Сөүлийн эрх баригчид болон цагдаагийн байгууллага хэт олон хүн цугласан газарт ажиллах бэлтгэлгүй байсны дээр зохион байгуулалт хийж чадаагүй гэсэн дүгнэлт хийж байна. Шахцалдаан болсон гудамжнаас 300 метрийн зайд амьдардаг эмэгтэй 21-22 цагийн хооронд гэрээсээ гарч баярт оролцохыг хүссэн боловч хэтэрхий их хүн байснаас үүднээсээ хаашаа ч хөдөлж чадахгүй байсан тул гэртээ буцаж орсон тухайгаа ярьжээ. 

Энэ мэтчилэн дуудлага, сануулга хэдэн цагийн өмнөөс ирсэн ч цагдаа нар нөхцөл байдалд тохируулан шуурхай ажиллаж чадаагүй байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа