Бразил улсад өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Луйз Инасио Лула да Силва ялалт байгуулж улс төрд эргэн ирэлт хийсэн билээ. Харин сонгуульд ердөө 0,9 хувийн 2,1 сая иргэний саналаар ялагдсан тус улсын өнөөгийн төрийн тэргүүн Жаир Болсонаро өнгөрсөн хоёр хоногт сонгуулийн дүнгийн талаар ам нээгээгүй байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Болсонаро ам нээж үг хэлсэн байна. Гэвч тэрээр ялалт байгуулсан өрсөлдөгчдөө баяр хүргээгүй ба сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа ил тодоор хэлээгүй байна. Цөөн саналаар ялагдал хүлээсэн Болсонаро сонгуулийн дүнд итгэлгүй байгаагаа илэрхийлэн, ямар нэг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийгээгүй нь ардчилсан бус үзэгдэл хэмээн иргэд олон нийт шүүмжлээд байсан юм.
Энэ жил 67 настай, удахгүй халаагаа өгөх төрийн тэргүүн нийслэл Бразилиа хот дахь Альворада ордонд өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ “Бидний мөрөөдөл өмнөхөөсөө ч илүү амьд байна. Миний төлөө саналаа өгсөн 58 сая иргэнд баярлалаа. Энэ улсын Ерөнхийлөгч төдийгүй иргэний хувиар Үндсэн хуулийг даган мөрдөх болно. Тайван жагсаалыг бид хэзээ ч хорихгүй” хэмээн мэдэгджээ.
Хэдийгээр албан ёсоор сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргээгүй ч эрх мэдэл, албан тушаалыг шилжүүлэх ажил эхэлсэн гэдгийг Болсонарогийн ажлын албаны дарга Чиро Ногейра мэдэгдсэн байна. Дашрамд мэдээлэхэд Болсонаро нь төрийн эрх барьж байх үедээ Ерөнхийлөгчийн нэмэлт шатны санал хураалтад ялагдсан Бразилын анхны төрийн тэргүүн болжээ.
Эх сурвалж: The Guardian