Цаг үеийн мэдээ

Пхеньяны зүгээс БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг зогсоох шаардлага тавьснаас хойш хэдхэн цагийн дараа буюу өнөөдөр өглөө 09:00 цагийн үед БНАСАУ баллистик пуужин харвасан байна. Умард Солонгос гурван ч баллистик пуужингийн туршилт хийснээс Өмнөд Солонгосын Үллэнгдо арал дээр агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дуут дохио хангинажээ.

Умард Солонгосын харвасан пуужингуудын нэг Өмнөд Солонгосын Сокчо хотоос ердөө 57 км зайд, Үллэнгдо арлаас 167 км-т унасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдсэн байна. Дуут дохио дуугарсны дараа иргэдийг хоргодох байр луу нүүлгэн шилжүүлсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ. 

Японы эргийн хамгаалалтын газар Умардын тал баллистик пуужингийн туршилт хийснийг мөн батлан мэдэгджээ. 2022 он гарснаас хойш Умард Солонгос баллистик пуужингийн туршилтуудаа идэвхжүүлсэн байдалтай байна.

Пхеньян Америк болон Өмнөдийн цэргийн сургуулилалт нь өдөөн хатгах үйлдэл хэмээн зэмлэн буруутгаад байгаа юм. Энэ даваа гарагт Америк, Өмнөд Солонгос хамтран “Соргог шуурга” хамтарсан агаарын цэргийн сургуулилалтыг эхлүүлсэн. Уг сургуулилалтад байлдааны зориулалттай олон зуун онгоц оролцож байгаа ажээ. 

Эх сурвалж: ВВС, The Guardian

 

Таны сурталчилгаа