Цаг үеийн мэдээ

ОХУ-ын цэргийн удирдагчид Украин дахь байлдааны талбарт хэзээ, хэрхэн цөмийн зэвсэг ашиглах талаар уулзалт хэлэлцээрийг өнгөрсөн сард хийсэн гэж АНУ-ын эрх баригчид CBS News агентлагт өгсөн яриандаа дурджээ. Эрх баригчдын хэлснээр уг ярианд Ерөнхийлөгч Владимир Путин оролцоогүй байна.

Цагаан ордон ирэх саруудад Оросын тал Укрианы дайнд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэсэн таамаг биеллээ олж магадгүйд улам бүр түгших болоод байна. Хэдийгээр албаны хүмүүс дээрх мэдэгдлийг хийсэн ч Орос цөмийн зэвсэг ашиглахаар бэлдэж буй ямар нэг шинж тэмдэг ажиглагдахгүй байна гэж Америкийн Засгийн газар үзэж байгаа юм. 

Кремль өрнөдийн улс орнуудыг цөмийн зэвсгийн асуудлыг хэт дэвэргэж байгаад зэмлэн буруутгасан. Түүнчлэн Украины тал дайны талбарт бохир тэсрэх бөмбөг буюу цацраг идэвхт бодисын материал орсон тэсрэх бөмбөг ашиглахаар бэлдэж байгаа тухай мэдэгдсэн билээ. Гэвч өрнөдийнхөн Оросын тал өөрсдөө бохир тэсрэх бөмбөг ашиглахын тулд Украиныг урьдчилан  буруутгаж байна гэсэн байр сууринаас хандсан юм. 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ цөмийн зэвсгийн туршилт хийж, Путин Украин руу цэргээ оруулснаас хойш анх удаа цөмийн сургуулилалтыг үзэж буйгаа хэвлэлээр мэдээлсэн. Энэ нь Путин цөмийн дайнд бэлдэж болзошгүй гэсэн цуу яриа гарахад хүргэсэн билээ.

Таны сурталчилгаа