Аргентин улсын гоо бүсгүй Мариана Варела болон Пуэрто Рико улсын гоо бүсгүй Фабиола Валентин нар гэрлэсэн тухайгаа Инстаграм хуудсаар зарлаж, шүтэн бишрэгчдээ гайхшруулсан байна. Тэд 2020 онд Тайланд улсад болсон Мисс Гранд олон улсын гоо бүсгүйн тэмцээн дээр анх танилцаж байжээ. Уг тэмцээнд гоо бүсгүйчүүд өөрсдийн улсыг төлөөлөн оролцсон байна.
Хоёр жилийн өмнө болсон тэмцээний үеэр мисс Аргентин болон Пуэрто Рико шилдэг 10-т багтсанаас хойш дотносож, цахим сүлжээнд дотно найзууд болсон мэт харагддаг байжээ. Олон мянган шүтэн бишрэгч нь тэднийг найзлах нэрийдлээр нууцаар болзож байсныг огт мэдээгүй байна.
Хос өөрсдийн дотно харилцааг ил тод болгосон рийл бичлэгүүдийг цахим сүлжээнд нийтэлснээр дагагчид нь мэджээ. Уг бичлэгт миссүүд далайн эрэгт романтикаар алхаж тэврэлдэж буй, оргилуун дарс тулгаж буй, алтлаг болон мөнгөлөг бөмбөлөгтэйгээр гэрлэх санал тавьж буй зэрэг нандин мөчүүдээ харуулсан байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татсан нь гоо бүсгүйчүүд аравдугаар сарын 28-ны өдөр Пуэрто Рико улсын нийслэл Сан Хуан хотын шүүхийн байранд гэрлэсэн явдал юм.
Бичлэгийнхээ тайлбар хэсэгт “бид хувийн харилцаагаа нууцалж байгаад онцгой өдөр олон нийтэд дэлгэхээр шийдсэн” хэмээн бичсэн байна. Тэдний дагагчид, шүтэн бишрэгчдээс гадна олон улсын гоо бүсгүйчүүд, олон танил хүмүүс баяр хүргэжээ.
Эх сурвалж: CNN