БНАСАУ БНСУ болон АНУ-ын хамтарсан агаарын цэргийн сургуулилалтыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн баллистик болон далавчит пуужингуудын туршилтаа идэвхжүүлээд байна. Өчигдөр буюу лхагва гарагт ойрын зайн тусгалтай 23 пуужин харвасан нь нэг хоногт хамгийн олон пуужин туршсан явдал боллоо.
Умард Солонгос өнөөдөр өглөө дахин гурван ч пуужин харваж туршилт хийсэн тухай мэдээлсэн. Өнөөдөр өглөө харвасан пуужингуудын хоёр нь ойрын зайн тусгалтай, нэг нь холын зайн тусгалтай баллистик пуужин байсан гэж Японы батлан хамгаалах мэдээлжээ.
Холын зайн тусгалт пуужинг өглөө 07:48 цагийн үед Номхон далайн усанд харвалаа. Энэ үеэр Японы хойд хэсгийн Мияаги, Ямагата, Нигата мужуудад анхааруулах сэрэмжлүүлэг дуугарсан байна. Японы Ерөнхий сайдын ажлын албаны Твиттер хуудсанд “Умард Солонгос пуужин харвалаа. Аюулгүй байр болон газар доорх нуувчинд орно уу” хэмээн бичсэн байна. Хэдэн минутын дараа “Пуужин өнгөрлөө. Хэрэв ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдвал цагдаагийн байгууллага болон гал сөнөөх газартай нэн даруй холбогдоно уу” хэмээн мэдэгджээ.
Өчигдөр Умард Солонгосын харвасан пуужин Өмнөд Солонгосын Үллэнгдо аралтай ойрхон унасан тул тус арал дээр мөн аюулаас сэрэмжлүүлэх дохио дуугарсан юм. Умард Солонгосын олон тооны пуужингийн туршилтын хариуд Өмнөд Солонгос агаараас газарт тусгалтай гурван пуужинг F-15, KF-16 байлдааны онгоцуудаас харважээ.
АНУ, БНСУ-уудын энэ долоо хоногт эхлүүлсэн “Соргог шуурга” нэртэй цэргийн сургуулилалтад байлдааны зориулалттай 250 орчим онгоц, нисэх хүчний хэдэн зуун бие бүрэлдэхүүн оролцож байна.
Эх сурвалж: ВВС, CNN