Пакистан улсын Ерөнхий сайд асан Имран Хан Парламентын сонгуулийг эрт явуулахыг шаардан эсэргүүцлийн жагсаал цуглааныг улс орон даяар зохион байгуулаад байгаа юм. Түүнийг Вазирабад хотод жагсаалд оролцож байх үед нь гал нээж амь насыг нь хороохыг завджээ.
Халдлагын үеэр Ерөнхий сайд асан хөлдөө буудуулж бэртсэн байна. Шарх амь насанд нь халгүй өнгөрснийг эх сурвалж мэдээлжээ. Мөн уг халдлагын үеэр нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтэж шархадсан байна. Крикетийн спортын тамирчин байж байгаад улс төрч болсон 70 настай Имран Ханыг Лахор хотын эмнэлэгт хүргэж, мэс засал хийжээ.
Жагсаалын үеэр гал нээсэн сэжигтнийг баривчлан саатуулсан ч чухам ямар сэдлээр халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Сэжигтний биеэс 9 мм-ийн автомат гар буу, хоёр хоосон хүхээ олджээ. Сэжигтэн мэдүүлэгтээ Имран Хан хүмүүсийг буруу зам руу чиглүүлээд байсан учир түүнийг алахыг хүссэн хэмээн ярьсан тухай ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС, Theguardian