Цаг үеийн мэдээ

Энэ жил хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах гэж буй Катар улс хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахлын хөл хориогоо суллах шийдвэрийг гаргасан. Энэ сарын 1-ний өдрөөс эхэлж Катар улсад ДАШТ үзэхээр ирэх аялагчдаас PCR шинжилгээний хариу, коронавирусийн вакцины батламж, урьдчилан бүртгэл мэдүүлэх зэргийг шаардахгүй болсон байна.

Тэгвэл ДАШТ-ий үеэр тасалбаргүй иргэд хил нэвтэрч болно гэдгийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Катарын Засгийн газар мэдэгджээ. Тэмцээний тасалбар захиалаагүй иргэд 12 дугаар сарын 2-ны өдрөөс Катарыг зориход ямар нэг саад бэрхшээл тулгарахгүй юм байна. 

Тухайн өдөр хүртэл Катарт очих хүсэлтэй иргэд Hayya карт буюу ДАШТ зохион байгуулагдаж буй цэнгэлдэх хүрээлэнд орох эрхийн үнэмлэхтэй байхыг шаардаж байна. Уг эрхийг Катар 2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны цахим хуудас болон Катар 22 Hayya аппликейшнээр дамжуулан захиалах юм байна. 

Үзэгчийн тасалбар бүхий Hayya карттай иргэд Катарт ирснийхээ дараа метро, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино. Тухайн иргэд 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл Катар улсад байрлах эрхтэй ажээ. 

Катарын Засгийн газар тэмцээний үеэр үзэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хангахын тулд бүхий л хүчин чадлаараа ажиллаж байгаа гэдгээ мэдэгдлээ. Үзэгчид 16-000 дугаарын утсанд үнэгүй холбогдож эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой байна.

Эх сурвалж: Al Jazeera

Таны сурталчилгаа