Танзани улсад байдаг Африк тивийн хамгийн том цэнгэг уст нуур Викториад өчигдөр буюу ням гарагт зорчигч тээврийн нисэх онгоц осолдсон байна. Пресишн эйр компанийн онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас нуурт осолдож, 19 хүн амь эрсэджээ.
Танзани улсын Ерөнхий сайд Кассим Мажаливагийн мэдэгдсэнээр хохирогчдын цогцсыг цөмийг нь нуураас гаргасан байна. Цогцсуудыг гаргасны дараа тэдний ачаа тээш, эд зүйлийг онгоцноос гаргах ажил эхэлжээ. Мөн эмч, онцгой байдлын албаныхан цогцсуудыг таниулж, ар гэрийнхэнд нь мэдэгдэж байна.
Ослын үеэр онгоцонд 43 хүн байсан бөгөөд 24 хүн амьд үлджээ. Пресишн Эйр компани хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүнд цаг үеэ даван туулахад бүхий л талаар тусална гэжээ.
Нислэгийн багийн дөрвөн гишүүн, 39 зорчигчтой онгоц Танзанийн Дар эс Салам хотоос 06:00 цагт хөөрч Букоба тосгонд 08:30 цагт газардах ёстой байжээ. Гэвч 08:53 цагт нислэгийн хяналтын төвөөс онгоц ирэх ёстой цагтаа ирээгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN